ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох  хуулийн төслийг өргөн барина

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-26

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Хурлын талаар бүлгийн дарга Д.Ганбат "Хувийн тэтгэврийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барих гэж байна. Энэ бол 270 мянган хүнийг хамарсан асуудал” гэлээ. Энэ талаар  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Ахмадуудад маш хэрэгтэй хуулийн төсөл. АН-ын бүлэг хуралдаад 100 хувийн саналаар өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Доод хэмжээ гэдэг нь 500 мянган төгрөгөөс дээш байхаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг санаачлах болсон зорилго ойлгомжтой. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр амжиргаанд хаанаа ч хүрэхгүй  байгаа бид мэдэж байгаа. Өнөөдөр 441  мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277,527 нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэртэй байна.  Энэ бол ахмадуудыг ядууралд хүргэж байгаа хамгийн том шалтгаан. Хууль нь үндсэн долоон хэсгээс бүрдэж байгаа.  Бид халамжийг эсэргүүцдэг. Гэхдээ энэ бол халамж биш. Тэдгээр өндөр настнууд улсаас гуйж байгаа зүйл. Залуу насандаа хөдөлмөрлөснийхөө үр шимийг хуулийн дагуу авах ёстой.  Энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудал анхаарал татах байх. Монгол Улс байгалийн үр өгөөжийг үндэсний баялгийн сандаа төвлөрүүлээд түүгээр дамжуулж тэгш, шударга хүртээнэ гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Стратегийн ордуудыг маш хурдан эргэлтэд оруулах замаар эдийн засгийн тэлж, үр өгөөжийг нь дээшлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг оруулсан.  Эх үүсвэртэй холбоотой УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоол гэж гарсан. Энэ тогтоолд зургаан стратегийн ордыг эргэлтэд оруулах асуудлыг тусгасан. Тиймээс 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа 277,527 ахмадад жилд 400 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан” гэж мэдэгдлээ.