ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганыг хаалттай хуралдуулж, өрийн асуудлаа ярилцах санал гаргав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-26

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандан “УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулах тухай” албан бичгийг хүргүүлжээ. Энэхүү хуралдааныг эдийн засаг, төсвийн асуудлаар хуралдуулах бөгөөд Монгол Улсын өрийн хэмжээ, бондын эргэн төлөлт, шинээр авсан зээл, шинэ бондын асуудлыг хаалттай хаалганы цаана хэлэлцэж, буруу зөрүү ойлголтыг нэгтгэх нь зөв гэж үзжээ.

Тэрбээр, албан бичигтээ “Энэ удаагийн шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш УИХ-ын нэгдсэн хуралдаанд Засгийн газар болон бусад холбогдох байгууллагууд Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өр зээл, бондыг төлсөн эсэх болон бондыг шинэ бондоор сольсон эсэх асуудлаар өөр өөр тайлбар хийсээр байна.

Иймд улс орны эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдлын талаар үнэн зөв, баталгаатай мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгч хэлэлцэх шаардлага үүссэн учраас УИХ-ын чуулганы хаалттай хуралдаан хийх санал гаргалаа” хэмээжээ. Монгол Улс нь 2020 оны зургадугаар сард, мөн 2021 оноос эхлэн ирэх дөрвөн жил тасралтгүй бондын эргэн төлөлт хийх ёстой. Тийм ч учраас цар тахлын хүнд цаг үед эдийн засагт эрсдэл учрах эсэх, эргэн төлөлт, хүүгийн дарамтын талаар дотооддоо хаалттай хуралдах нь зүйн хэрэг билээ.