ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Уран бүтээлчдийн тэмцлийг улстөржүүлмээргүй байна, Н.Дэмбэрэл ээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-26

МҮОНТ-ийн захирлаар “Өглөөний сонин”-ы эрхлэгчээр ажиллаж байсан Л.Нинжжамц гэх бүсгүйг 2016 онд томилсон байдаг. Улмаар, МҮОНРТ-ийн дэргэдэх Үндэсний зөвлөлийн шийдвэрээр 2017 оны эхээр Ерөнхий захирлаар томилсон цагаас хойш үндэсний телевизийг үзэх контенттэй, нийтлэлийн бодлогын хувьд арай өөр хэмжээнд хүргэсэн нь худлаа биш. Гэлээ ч түүний тухай байсхийгээд л хар бараан мэдээлэл гарч, албан тушаалаа хэтрүүлжээ, архи уучихсан байжээ гэх мэтээр шар хэвлэлүүд бичиж, сошиал орчинд нэр хүндийг нь унагаж байсан удаа олон бий.

Тэр болгоны ард албан тушаалыг нь авах гэсэн хэн нэгний явуулга байсан нь тодорхой болж, асуудал намждаг байлаа. Л.Нинжжамцыг албан тушаалаа эрхлэх болсноос хойш МҮОНТ-ийн хэд, хэдэн мундаг сэтгүүлчид албан үүргээ өгч, түүний эрх мэдэл, телевизийн салбарыг “самарч” буй тухай хөндөн бичсэн байдаг. Гэсэн ч тухай бүрт нь Л.Нинжжамц хариу үйлдэл үзүүлж, өөрийн буруугаас ажлаас халагдсан хэмээн няцаалт өгөөд өнгөрч байлаа. Харамсалтай нь удирдлагуудынхаа эсрэг нэгдсэн уран бүтээлчид тэгтлээ удаан тэвчиж чадахгүй, энэ удаа өргөн хүрээнд тэсэрлээ.

Монголчуудын уран бүтээлийг нь шимтэн үздэг олон арван уран бүтээлчид нэгдэж нийлээд удирдлагуудынхаа эсрэг олон арван баримтыг илчлэн тавьж байна. Уран бүтээлчдийн өрөөнд шивнэх шахам сул дуутай камер тавьсан, цар тахлын үеийн хямрал хэмээн уран бүтээлчдийнхээ цалинг хассан атлаа өөртөө авч байсан нэмэлт урамшуулал, Үндэсний телевиз, радиогийн Үндэсний зөвлөл нэрийн дор нуугдсан хэдхэн хүний хэмжээлшгүй эрх дарх, мөнгөн урамшуулал, даргад таалагдахын тулд хийж буй хууль бус үйлдлүүдийг нь ар араас нь дэлгэн тавьсаар...

Худал үнэний дэнс ч хэдэн өдөр нийгмийн сүлжээнд өрнөж хэн нь буруутайг шүүсээр байх ажээ. Гагцхүү уран бүтээлчдийн энэ тэмцлийг улс төрийн өнгө аястай, өнөөх л албан тушаал булаацалдсан хэн нэгний явуулга хэмээн хардах вий гэсэн болгоомжлол байгааг нуух юун. Буруу зүйл байгаа бол удирдлага нь засаж залруулаад явах нь цаг хугацааны асуудал.

Үйлдвэрчний эвлэлээр дамжуулж тавьсан алдаа мадгаа засах нь ч Үндэсний зөвлөл болон Л.Нинжжамц захирлын хийх ёстой ажил билээ. Удирдлага, ажилтнуудын дунд үүссэн энэхүү маргааныг эвээр зохицуулж, шаардлагатай гэвэл ажил үүргээсээ татгалзах ёстой гэдгээ Л.Нинжжамц захирал мэднэ хэмээн итгэж байна. Гэтэл өнөөдөр гэнэтхэн зохион байгуулалттай гэмээр түүнийг ажлаа өглөө хэмээн сошиал орчинд шуугиж эхлэв. Худлаа хэлэхгүй гэж итгэж буй олон арван сэтгүүлч нар энэ мэдээллийг хамгийн түрүүнд дэлгэж, түүний ажлыг Н.Дэмбэрэл авах нь ээ хэмээн бичицгээж байх юм. Нөгөө л танил сеценари, дэглэлт явж эхлэх нь тэр.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Брэндийн үндэсний зөвлөлийн даргын албан тушаал эрхэлж явсан Н.Дэмбэрэл хоёр жилийн өмнөөс л энэ албан тушаалд очих санаархлаа ил тодоор бус далдуур илэрхийлж, хэвлэлээр зориуд сэвдэг байсан нь худлаа биш. Яг л тэр зарчмаараа уран бүтээлчдийн тэмцлийг улс төр болгон хувиргаж байгаа нь харамсалтай. Тулхтай, буурьтай уран бүтээлчдийн тэмцлийг улс төр болгож харагдуулах вий. Тулгамдсан асуудлаа шийдэх гарцыг нь энэ мэт албан тушаалд санаархсан хэн нэгэн юу ч биш болгох вий хэмээн эмээх нь зүйн хэрэг билээ. Тиймээс уран бүтээлчдийн тэмцлээс Н.Дэмбэрэл та савраа татна уу. Албан тушаалд очих эрх мэдлээ хэрвээ ингэж хийж байгаа бол харамсалтай байна.