ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

60 тэрбумын хэргийн талаар УЕП-т ханджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-05

Төрийн албан тушаалыг хууль бусаар наймаалцах тухай ярьж байсан тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын бичлэг соошл орчинд тархаж, “60 тэрбумын бичлэг” гэх хэрэг нийгэмд дуулиан тарьж эхэлсэн. Энэ асуудлыг шалгуулах талаар АН-ын бүлэг хоёр сонгууль дамжин ярьсан ч МАН-ын зүгээс эвлүүлэг, нотлогдоогүй хэрэг хэмээн гүрийсээр халхавчлан өнгөрч байлаа.

Гэвч МАН-ынхан дотооддоо 32, 32 болж хуваагдсан эдгээр өдрүүдэд нам дотроосоо “60 тэрбум”-ын хэргийг сөхөж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэргийг эцэслэх хүртэл чуулганд суухгүй хэмээн мэдэгдээд байгаа. Улмаар 19 гишүүний гарын үсэг зуруулж, нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-д гаргасан ч Хуульзүйн байнгын хорооны дарга сонсгол явуулах боломжгүй гэсэн тайлбар өгсөн гэдэг.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнгөрөгч мягмар гарагт Тагнуулын Ерөнхий газрын даргад улсын нууцад хамаарахгүй бол энэ хэрэгт хамаатай бүх баримтыг гаргаж өгөх хүсэлт явуулж, мөн Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд нээлттэй сонсголыг хууль эрхзүйн хүрээнд явуулах албан тоот хүргүүлсэн билээ. Тэгвэл Ш.Раднаасэд дарга гишүүний албан бичгийн дагуу нээлттэй сонсгол явуулах хүсэлттэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорт албан тоот хүргүүлжээ.

Уг албан тоотод дурдсанаар энэ асуудлаар холбогдох хуульд заасны дагуу саналаа ирүүлэхийг УЕП-оос хүссэн байна.