ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орхон аймагт батлагдсан нэг тохиолдол нь аймгийнхаа кино театраар үйлчлүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-19

Орхон аймагт коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо нэг шөнийн дотор огцом нэмэгдсэн учраас аймгийн Онцгой комисс цахимаар шуурхай хурал зарлаж, аймгийн хэмжээнд тэг зогсолт хийсэн билээ.

Тэгвэл цахимаар хуралдсан онцгой комиссын хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гарсан аж. Нэн тэргүүнд халдвар илэрсэн 13 иргэний маршрутыг тогтоож, олон нийтэд зарлах юм байна. Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь төмөр зам дагуу буюу Эрдэнэт өртөөний орчим ажиллаж амьдардаг хүмүүс байсан ажээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа гэв. Халдвар авсан иргэдийн дөрөв нь 6-12 насны хүүхэд, 9 нь 29-62 насны том хүн бөгөөд тэднийг ХӨСҮТ рүү шилжүүлжээ.

Батлагдсан тохиолдлуудын дунд худалдаа, үйлчилгээний газруудаар явсан хүн цөөнгүй байгаа аж. Мөн арваннэгдүгээр сарын 7-нд аймгийнхаа “Өргөө” кино театраар үйлчлүүлсэн хүн ч байгаа аж. Тиймээс тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын Шуурхай штабын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд хамрагдах боломжтой бөгөөд шинжилгээг үнэ төлбөргүй авахаа мэдэгдсэн байна.  

Эрдэнэт хотод ЭМЯ-аас 15 мянган ширхэг оношлуур нэмж өгсөн учраас хотын хэмжээнд шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгуулжээ. Мөн хүнс хангалтад 198 автомашин явж байгаа, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл хот руу чөлөөтэй нэвтэрч байна гэж мэдэгдсэн юм.