ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-29

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр  “Арваннэгдүгээр сарын 10-наас хойш арванхоёрдугаар сарын 1-ний өдөр  19 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа. Энэ хугацаанд өвчний бүрэн зураглал гаргах, тархвар судлалын эрдэмтдийн гаргасан зөвлөмжийн дагуу халдвартай иргэдийг олж илрүүлэх зэрэг ажлыг хийлээ. PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Хатуу хөл хорио тавьснаар өвчний тохиолдлыг 10 хувиар бууруулсан гэж эрдэмтэд үзэж байна.19 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тавиагүй бол 3400 хүн өвчлөх магадлалтай байлаа. Засгийн газраас улсын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Халдвар тархаагүй, халдварыг хяналтад авсан газруудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр  гаргаад байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас  арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 06:00 цаг хүртэл буюу арав хоногийн хугацаагаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдалд шилжүүлж байна гэв.