ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

И март: Бид хэн нэгнийг эмзэг бүлгийн иргэн гэж дүгнэх эрхгүй

O.Admin
2020-12-02

Нэгэн иргэн өөрийн нүүр номын хуудсандаа “E mart” худалдааны төвд байрлах “Foodbank”-наас орон гэргүй иргэнд гурил, будаа авч өгөхийг хүссэн ч оруулаагүй, мөн наадах чинь оюутнуудад өгдөг хэмээн тухайн иргэнд өгөөгүй гэх мэдээллийг байршуулсан билээ. Тэгвэл хэрэглэгчийн санал хүсэлт, гомдолтой холбогдуулан E mart худалдааны төвөөс мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлдээ “Митчелл сангийн зохион байгуулсан “From UB with love” хүнсний тусламжийн аяныг И март дэлгүүр эхлүүлсэн бөгөөд дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүст үйлчүүлэгчийн хандивласан бараа бүтээгдэхүүнийг өдөр бүхэн хүргэж байна. И март нь ямарваа байгууллага, хувь хүнийг тусламж авах ёстой, эмзэг бүлгийн гэж тодорхойлох эрхгүй, дүгнэх боломжгүй. Тиймээс хаана хэнд хүрэх ёстойг мэргэжлийн байгууллагууд тодорхойлж байна.

Хэн нэгэн дур мэдэн авах нь эмх замбараагүй байдал үүсгэж, халдвар хамгааллын дэглэм алдагдах учраас эрсдэлээс сэргийлэн дүүргийн Онцгой комисс, НХХЯ зэрэг байгууллагуудад тусламж, хандивын бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгдөг” хэмээжээ. Тухайлбал, тус дэлгүүрт иргэд худалдан авсан бараанаасаа илүүчлэн өгснийг нь “Эрчүүд гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг”, “Эрдэм” асрамж халамжийн төв, “Монголын хүүхдийн хөгжлийн сан” асрамжийн төв “Нандин-амьдрал” асрамж халамжийн төв, “Манай гэр” асрамж халамжийн төвд тус тус хүргэдэг юм байна.