ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Хоноцын сэтгэлтэй” хүмүүнлэг үйлстэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-27

Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдээд сар гаруй болж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 656 болж, нийтдээ 1121 боллоо. Түүнээс эдгэсэн нь цөөнгүй байгаа ч коронавирусийн дагалдах оноштойгоор  нэг хүн хорвоог орхисон гашуун мэдээ дуулдлаа. Цаашид  манайх шиг цөөн хүн амтай улсад бол халдвар эрчимтэй дэгдэж, голлох эмнэлгүүдэд голомтолж   байгаа нь дэндүү аюултай. Эмнэлгийн хүчин чадал, тоног төхөөрөмж, эмч, сувилагч, асрагч гээд хүн хүчний дутагдалд орж байна. Түүнээс гадна эмнэлгийн нөхцөлд олон сар ажилласан эмч, сувилагч нарын дархлаа суларч, халдвар авсаар байна. Тэд туйлдаж бас  маш их ядарч байгаа.  
 

Тэглээ гээд өнөөдрийг хүртэл түмэн олныхоо өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлагаас тэд зугтаагүй. Зугтах ч үгүй биз. Тэдний хүчин чармайлт, мэргэжлийн ур чадвар, зөв зохион байгуулалтын хүчээр цар тахалтай хожуу нүүр тулж  байгаа ч бид барьц алдаж байна. Тэгвэл коронавирусийн цар тахал анх БНХАУ-ын Ухань хотод 2020 оны нэгдүгээр сард бүртгэгдэж, халдвар эрчимтэй тархаж, олон хүний амь эрсдэж байхад манайхаас сайн дурын баг явах гэж бэлтгэлээ хийж байлаа.

Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа тэргүүтэй 65 эмч Ухань руу явж ажиллахаар сайн дурын баг бүрдүүлж, хүн хүчний туслалцаа үзүүлэхээр нэгдэж байсныг та бүхэн  тодхон санаж байгаа байх. Тэд хил хаалттай, улсаас зөвшөөрөл өгөөгүй учраас явж чадаагүй юм. Хүний нутагт халдвар дэгдлээ гэхэд нулимс цэлэлзүүлж, амь нас эрүүл мэндээ хойш тавьж байсан эмч нар өнөөдөр Монгол Улсад халдвартай хүний тоо 1000 гаруй болоход дуугарсангүй. Дуу бүү хэл авиа ч байдаггүй. Монгол хүний амь нас тухайн үед нэгдэж байсан сайн дурын эмч нарт лав хамаагүй бололтой.

Тэр ч бүү хэл, цагтаа эрүүл мэндийн салбарт Дэд сайдаар ажиллаж явсан Ж.Амарсанаад түй ч хамаагүй бололтой. Хятад хүний амь нас, хятадын эмч нарын ядарч, туйлдаж, зовоход нь тэгтлээ их сэтгэл шимширсэн Дэд сайд асан элгэн садандаа, эх нутагтаа хоноцын сэтгэлээр хандаж, үүрэх ачаа, үзэх зовлонгоос нь нимгэлэх сэтгэл байсангүй. Цаашид “хойд эцэг” шиг хандлагатай, эрүүл мэндийн салбараар ашиг олж, амь зуудаг мартагдсан Дэд сайд, цөс нь хөөрсөн сайн дурын уран сайханчдаас болгоомжлох ёстойг, ийм хүмүүнлэг үйлстнүүд зөвхөн сонгуулийн шоу хийж байдгийг энэ үйлдэл нотолж өглөө.