ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН: Өрх бүрд 1 сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-18

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун өнөөдөр яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулсан юм.

Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүлийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаанд өндөр ач тустайг салбарын сайд онцоллоо. Мөн бодлогын зорилтод тулгуурлан Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.

Тэгвэл олон улсад зохион байгуулах эвэнтийн тухайд Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулна. Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулах аж.

Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.