ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүлээлгэн өглөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-20

Нийслэлийн “Өргөө” амаржихад төрсөн нярай эхийг гадуур хувцасгүй, гэрийн шаахайтай ХӨСҮТ рүү шилжүүлсэн үйлдэлд олон нийт эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаалыг зохион байгуулсан юм.  Тэгвэл энэхүү үйлдэлд УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, огцорч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ.

Шадар сайд Я.Содбаатар:

-Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан.  Миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар, даалгасан ажлыг чин сэтгэлээсээ  хийж, зүтгэж,  гүйцэтгэлээ. Цар тахлыг дотооддоо алдалгүй бид 10 сарыг өнгөрүүлсэн. Үүний таван сар нь шинэ Засгийн газрын ажил, үүрэг байлаа. Алдаатай,  оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэж байна. Бид дэлхийд цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа. Тун удахгүй халдварын вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ дархлаажуулна. Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, тагнуул, орон нутгийн онцгой комисст Монгол Улсын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласанд талархаж байна.Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

 -Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ард иргэдээ сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л  хүчээ дайчлан ажиллалаа. Үр дүн гарсан байгаа. Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хэдхэн хүний хариуцлагагүй үйлдлээс болж, нийт салбарынхны хүчин зүтгэлийг үгүйсгэж болохгүй.  Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилж байна.