ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр  "Надад нэг дутагдал  бий. Гоё сайхан ярьж чадахгүй. Өнөөдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулсан 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрох боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд яагаад ийм үйлдэл хийх болов, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдэл яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхав. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байсан Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Жагсаал цуглааныг мөнгөөр ивээн тэтгэж, санхүүжүүлсэн асуудлыг өөрийн удирддаг ТЕГ-аас тодруулах нь зүйтэй. Өнөөдөр Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогдоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүллээ гэлээ. Түүнчлэн Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд Засгийн газрыг дэмжихгүй байгаагаа  илэрхийллээ.