ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Одонтуяа: МАН-ын дотоодын зөрчил дээд цэгтээ тулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-21

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын  дэд дарга С.Одонтуяа: 

-Би нэг зүйлийг ойлгохгүй байна. Бүх зүйлд АН буруутай болж хувирлаа. Сүүлийн хоёр парламент дараалан МАН ялалт байгуулж, 62-65 хүний суудал авсан. Бүх зүйлд АН-ын буруу байсан. Одоо сүүлдээ бүүр Ерөнхийлөгчийн буруу болж хувирлаа. Энэ бол урдаас төлөвлөсөн улс төрийн том жүжиг. Цаашид Солонгосын олон ангит кино шиг явна. Тэгвэл үүнд АН болон Ерөнхийлөгч буруугүй. Энэ бол МАН-ын дотоодын зөрчил дээд цэгтэй тулсаных шүү дээ. Албан тушаал болон томоохон ордын тэмцэл. Хойд урдын өшөө авалт үргэлжилж байна гэж харж байгаа. Манай АН-ын тэмцэл ил байдаг. Бидэнд булаацалдах зүйл байдаггүй. Төсвөөр бариулсан 10 тэрбумын  өртөгтэй байр байдаггүй учраас булаацалдах зүйл байхгүй шүү дээ. Харин тамга л булаацалддаг. Бүх зүйл ил байдаг. Ээжүүдийн асуудал нөлөөлөх нь нөлөөлсөн. Монголчууд бид эхчүүдийн асуудалд дээд зэргээр хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ манай улстөрчид анх удаа ийм зүйл харж байгаа юм шиг амьдралаас тасарсан зүйл огт бүү ярь. Орон нутаг болоод нийслэлд ажиллаж байгаа төрөх эмнэлгүүдээ хараач ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ард түмэн дэмжсэн. Түүнийг халдварын эсрэг тэмцэж, үнэхээр сайн ажиллаж чадах юм байна гэж итгэсэн. Гэтэл тавхан сарын дараа ийм асуудал ярьж байгаад харамсаж байна. Сайн ажилласан зүйлийг хэлж байна. Гэхдээ муу зүйл бий. Гадаадад байгаа 20 мянган монголчуудад нэг даргын жипний мөнгийг хуваарилсан. Би үүнээс ичиж байна. Түүний 50 хувь нь шарил авчрах зардалд зарцуулагдсан байгаа.