ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар “Хотгор шанагын” асуудлаар ШАЛГАГДАЖ байх ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-28

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан юм. УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асууж байна. Харин хуралдааны төгсгөлд  санал хураахад олонхийн саналаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжсэнгүй. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга  Д.Ганбат:

-Монгол Улс жил бүр авлигын индексээрээ ухарч байна. Цөөхөн хүн ажилладаг, хэдхэн хүн баяждаг схем руу орчихлоо. Дундаж давхарга гэж байхгүй. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсны дараа АТГ-аас над руу залгасан. УИХ-д АТГ-аас хэн ч авлигаа шалгуулахгүй байна гэж ярьсан талаар минь надаас асуусан шүү дээ.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар:

-Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг бүгдийг нь хүлээж авах боломжгүй. УИХ -д томилгооны сонсгол хийх нь зөв. Ингэхэд хэн нь хэн бэ гэдэг нь гарч ирнэ. Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ерөнхийлөгчийн тавьсан хориг ч биш. Хууль чинь өөрөө анхнаасаа буруу явсан шүү дээ. Би одоо л ойлгож байна. Нью-Йоркийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хэн буцаасан юм бэ. Оффшор бүсээс мөнгө орж ирээгүй юм байж, болно. Орж ирэх замыг нь хаасан байна шүү дээ. Ч.Хүрэлбаатар чи битгий дандаа Ерөнхийлөгчийг дайрч, доромжилж бай. Авлигатай тэмцэх газрын даргыг өөрсдөө авчихаад яргалах гэж байгаа бол алалцана шүү. Би хүний тухай асуудал ярьдаггүй. Гэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хотгор шанагын” асуудлаар шалгагдаж байх ёстой. Эрт орой хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх болно. Гэвч би хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.