ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эгэл ардын хүүд олддоггүй тэтгэлэгт хөтөлбөр МАН-ын гишүүний батлахаар үнэлэгдэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-15

Ардын хүүгийн мөрөөдөөд ч олж чадахгүй гадны улс орны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт төрийн томчуудын хүүхдүүд арын хаалгаар явчихдаг байсан бол өнөө цагт харин Ардын намын гишүүний улаан батлахаар үнэлэгддэг болжээ. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт МАН-ын гишүүн мөн гэсэн батлахаа харуулаад бүртгүүлж болно гэсэн зарлал сошиал орчинд шүүмжлэлийн сэдэв болж байна.

1992 онд баталсан Үндсэн хуульдаа “Үзэл бодлоор ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэсэн заалт оруулсан атлаа эрх баригчид нь хуулиа зөрчиж намаар ялгаварлаж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэдэг хэрээс хэтэрсэн үйлдэл билээ.

Тодруулбал, БСШУЯ-наас өнгөрөгч сард хоёр улсын хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд 64 иргэнийг магистр, докторын сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарласан. Энэхүү тэтгэлэгтэй санаатай зэрэгцсэн үү, эсвэл санамсаргүй давхцал уу гэдгийг хэлэх аргагүй ч зарлал нь ч яг нэг цагт, нэг сард давхцаж гарсан байх юм. МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн тавьсан энэхүү зарлал нь хүний эрхийг үл тоосон, ялгаварлан гадуурхсан үйлдэл мөнөөс мөн гэдгийг хүний эрхийн хуульчид хүртэл дуу нэгтэй хэлж буй юм.

Тодруулбал, хүний эрхийн хуульч Ц.Оюунгэрэл “Байгууллагын хүний нөөцийнхөн ажилтан, залуусыг сургах зарыг чөлөөтэй тавьж болно оо. Гэхдээ зар дээр аль нэг намын гишүүн байвал давуу нөхцөл болно гэж хэн ч бичих эрхгүй юм. Учир нь бид 1992 оны Үндсэн хуулиараа “үзэл бодлоор ялгаварлан гадуурхах”-ыг албан ёсоор хориглосон хэмээв. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ үйлдэлдээ огтхон ч гэмшээгүй төдийгүй “Цаашид бид МАН-ын гишүүдэдээ, шинээр элсэн орох хүмүүстээ зориулаад хамтрагч нам, олон улсын байгууллагын шугамаар өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бий болгоно. Улс хөгжихийн үндсэн нь эрдэм боловсролтой иргэд билээ” хэмээн жиргэсэн байх юм.

Д.Амарбаясгалан генсекийн хэлсэнчлэн аль нэг улс төрийн намаас ийм урилга ирсэн бол хэн ч хүлээн зөвшөөрнө. Дэлхийн зөн, Дэлхийн банк, ОУВС гэдэг шиг олон улсын байгууллагаас намын боловсон хүчнийг чинь сургаад өгье гэсэн бол дэмжих нь ч тодорхой. Гэтэл БНХАУ-ын Засгийн газраас хэзээ ч “Зөвхөн МАН-ын гишүүнийг чинь сургаад өгье” хэмээн тэтгэлэг зарлахгүй учраас хоёр улсын хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааг нэг нам өөртөө давуу байдал олгож, ашигласан үйлдэл болж байгаа юм. Хэрвээ Хятадын Засгийн газраас тусгайлан тийм албан бичиг ирүүлсэн бол МАН-ын Генсек олон нийтэд ил харуулах ёстой. Хамтын ажиллагааны гэрээ байгаа бол ард түмэнд үзүүлэх ёстой. Тийм биш л бол энэ бол цэвэр ялгаварлан гадуурхалт юм. 

Өөрийнх нь фэйсбүүк хуудсанд оруулсан намуудтай хамтарч ажиллах гэрээнүүдэд ч БНХАУ-ын Засгийн газартай гэсэн үг, үсэг алга. МАН-тай нягт хамтран ажилладаг Хятадын коммунист намаас ч боловсон хүчнийг сургах талаар хамтарч ажиллана гэсэн үг унагаагүй гэдгийг Д.Амарбаясгалан генсек мэдэхийн дээдээр мэдэж буй. Тодруулбал, 2018 оны тавдугаар сард ХКН-ын урилгаар Д.Амарбаясгалан генсекийг урд хөршид айлчлах үед иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний амьдралд бодит ашиг, хувь хүртээх талаар ажиллана гэсэн үгийг ноён Хуан Кунмин унагасан байдаг. Тэгэхээр эгэл жирийн залуусын эдэлж болох хөтөлбөрийг нэг нам хувьдаа ашиглаж, намаар нь ялгаварлаж тэтгэлэгт хамруулна гэдэг хэрхэвч эрүүл үзэгдэл биш билээ.

Төрийн албан хаагч нам бус байх ёстой гэсэн атлаа магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хүртэл намын улаан батлахаар шалгуур тавьсан эрх баригчид “намайг хэн тоож, нохойг хэн саах вэ” гэсэн хандлагаар ард түмнийг даапаалж буй нь хэрээс хэтэрлээ. Тэд эрх мэдлээ бүх хүрээнд тогтоож, хязгааргүй ноёрхол тогтоохоор санаархаж, түүндээ ч бардсан гэдгээ энэ үйлдлээрээ нотлон харуулав.