ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хаврын улс төр: МАН, МАХН-ын нэгдэл ХЭНД ашигтай вэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-16

Хаврын улс төр  буюу  Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан  ТОГЛОЛТ хатуу хориотой зэрэгцэн албан ёсоор эхэлжээ. Тэгэхдээ “Эх орончдын өдөр” буюу ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө улс төрийн томоохон хүчнүүдийн дунд нэгдэх, нийлэх асуудал хөндөгдсөн гэх яриа чих дэлсэв.

Эл өдрүүдэд МАН үүсэж, байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Баяр наадмаа хэрхэн тэмдэглэх вэ гэдгээ ч УИХ-аар батлуулаад амжсан билээ. Тиймээс энэ өдрийн хамгийн чухал үйл явдлын нэг нь МАХН, МАН хоёрын нэгдэл байж болно гэдгийг эрх баригчид тооцоолсон байх магадлалтай. Улс төрийн хоёр хүчний хувьд намын санхүүжилт, хөрөнгө мөнгө, боловсон хүчний хүрэлцээ гээд олон зүйлээрээ МАН нь МАХН-аасаа хол илүүрхэнэ. МАХН олон талаараа дутмаг байж болох ч УИХ-д суудалтай гэдгээрээ давуу тал эдэлжээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хүн нэр дэвшүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, улс төрийн ямар ч нөхцөлд МАХН-ын дарга Н.Энхбаяр “ганзага” хоосон байдаггүй. Их, бага хэмжээгээр Монголын төрөөс хүртэхээ хүртэж, түүгээрээ улс төр дахь Н.Энхбаярын он тоолол дуусаагүйг сануулж бас харуулсаар ирсэн билээ.  Чухам энэ нөхцөл байдал МАН-ын удирдлагуудын анхаарлыг татсан хэрэг. Түүнчлэн, АН-ын хүчтэй өрсөлдөгч Х.Баттулгыг буланд шахах, ганцаардуулахын тулд ч энэ шийдвэрийг гаргачихвал гайхах зүйл алга. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн МАН бүх талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг "хүчээ нэгтгэж" байна. 

МАН-ын жорыг чимээгүйхэн найруулж суугаа генсек Д.Амарбаясгалангийн ээлжит улс төрийн тоглолт энэ байхыг ч үгүйсгэхгүй. Нэгэн цагт намынхаа нэр, далбааг булаалдаж, шүүхдэж явсан тэд гэнэтхэн Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, нэгдэж, нийлэх нь хэнд илүү ашигтай бол. Эв нэгдэл, эвлэрэл МАН-ынханд л ашигтай тусна. Ерөнхийлөгчийн гурван удаагийн сонгуульд дараалан  ялагдал хүлээсэн тэдэнд МАХН-ын дэмжлэг хэрэгтэй. Ху намынхан нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чамлахааргүй амжилттай оролцсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэр дэвшигчээс ч хамаагүй олон хүний санал авч, айрагдсан. Ялагдсан ч нэр төрийн хувьд МАН-ын нэр дэвшигчээс илүүрхсэн билээ. Тиймээс УИХ-д суудалтай, хэдэн сонгууль дараалж, олонхийг бүрдүүлж суугаа МАН-д Төрийн тэргүүний сэнтий үгүйлэгдэж буй  учраас дутуугийн хүслээ биелүүлэхийн тулд Н.Энхбаярт хадаг барихад алдах юм байхгүй юм.

Түүнчлэн, У.Хүрэлсүхийн рейтинг алхам алхмаар  буурч, олон нийтийн дунд нэр хүндээ алдсаар байгаа. Хэзээ мөдгүй МАН-ын даргын байр сууринаас огцроход бэлэн болсон.  Иймд Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын эвлэрэшгүй хонзонт харилцааг үл тоож, генсек Д.Амарбаясгалангийн найруулгаар МАН-ын улс төрийн тоглолт  өрнөж байгааг энэ яриа улам батлаад өглөө.

Хоёр намын нэгдэх, нийлэх асуудлыг дарга нарын тохироо дангаараа шийдэх үү гэдэг нь сонирхолтой яриа болох нь ээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлтэй. Тэрбээр, МАХН-ыг УИХ-д суудалтай болгож, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг олгосон. Мөн 2017 Ерөнхийлөгчид нэр дэвшиж, олон хүнээс дэмжлэг авч байв. Улстөрчийнхөө хувьд хийсэн, бүтээсэн зүйл багатай, чадварын хувьд бусдаас ялгагдахгүй. Гэхдээ улс төрийн тоглолт, нүүдлийн хувьд гологдохгүй нэгэн гэдгээ давуу тал болгосон билээ. Тиймээс хоёр нам нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн гэх. Аргагүй биз. Н.Энхбаярт дэвших эрх байхгүй тул С.Ганбаатар дахин даагаа нэхэх боломжтой. Хоёр нам нэгдчихвэл түүний эрх байхгүй болчихно. Түүнээс гадна МАН-ын бүлэгт орж ажиллах уу, эсвэл намаасаа гарч дахин бие даагч болох уу гэдгийг С.Ганбаатар гишүүнээс тодруулахыг хүссэн ч хариу өгсөнгүй.

Хоёр намын нэгдэл МАХН-ын генсек Б.Тулга, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарт ашигтай. Бүх шатны сонгуульд нэр дэвшээд ч ялалт байгуулж чаддаггүй тэдэнд албан тушаалын бялуу хүртээх нь тодорхой байгаа юм. Өнөөдөр гэхэд л Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-аас Э.Батшугарыг нэр дэвшүүлнэ гэсэн мессеж явж эхэллээ. Энэ бол урьдчилж олон нийтийн дунд зориуд хаясан “чулуу” гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Хоёр намын нэгдэл Н.Энхбаярт ноёрхол тогтоох боломж олгохгүй. Өмнөх шиг “төвийн тоглогч” байх бололцоогүй. Хүүгийнхээ улс төрийн замналыг цэвэрлэхээр ийм сонголт хийх үү гэдгийг хэлэхэд эрт байна.