ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Ази тивдээ вакцинжуулалт эхлүүлсэн анхны улс боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-23

Монгол Улс өчигдөр Энэтхэг улсаас "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд ирж буй "Астразенека" вакцины 150 мянган хүн/ тун вакциныг хүлээн авсан билээ. Тэгвэл олон нийтийг вакцин хийлгэхийг уриална гэсэн амлалтдаа хүрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр морин цагт /11.40/ хамгийн эхний тун вакцинаа хийлгэлээ. Тэрбээр, эмч нарын лавласан асуумжид хариулт өгч, мөн ойрын өдрүүдэд халдвар гарсан бүсэд зорчсон гэдгээ мэдэгдсэний дараа вакцины эхний тунгаа хийлгэв. Түүнийхээ дараа олон нийтэд хандан үг хэлсэн юм.

Тэрбээр, “Монгол Улс өнөөдрөөс эхлэн улаанаас шар бүсэд шилжиж, нийт аж ахуйн нэгжийн 95 хувь нь хэвийн горимд шилжиж байна. Тулаад ирсэн сорилтыг хамтдаа даван туулж болдог гэдгийг харууллаа. Хөл хорио болон “Нэг өрх-Нэг шинжилгээ”-гээр бид вакцинжуулалтын суурийг тавьж чадлаа. Ази тивдээ ч вакцинжуулалт эхлүүлсэн анхны улс болсонд баяртай байна. Вакцинжуулалт хийсний дараа 10 их наядын хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгжүүд ажилчдаа вакцинжуулах асуудлаар Засгийн газартай хамтран ажиллаарай” гэв.

Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч 18-аас дээш насны бүх иргэдээ вакцинжуулах зорилго тавьсан учраас иргэдийг аль болох сонголтоороо вакцин хийлгэхийг Ерөнхий сайдын хувиар хүсэж буйгаа мөн дуулгав. Ерөнхий сайдын дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд тариулж, улмаар Эрүүл мэндийн салбар болон цагдаагийн албан хаагчид тариулах юм байна. Засгийн газраас гаргасан эрэмбэлсэн хуваарийн дагуу вакцинжуулалтыг хийж, энэ ондоо дуусгаснаар олон зүйл нээгдэж, энгийн амьдралдаа шилжинэ гэдгийг иргэд ойлгоорой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо. Мөн Энэтхэг улсын Элчин сайдын яамны төлөөлөлд вакцин нийлүүлсэнд талархаж буйгаа илэрхийлэв.