ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Замын-Үүд сум PCR оношилгооны лабораторитой болов

O.Admin
2021-02-24

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар энэ өдрүүдэд Сайншанд, Замын-Үүд суманд ажиллаж байгаа аж. Замын-Үүд сум 2021 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж зорилтот жилийн нээлтийн арга хэмжээг өчигдөр зохион байгуулжээ.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын хамгийн том хилийн боомт хот болох Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт НҮБ-ын Хүн амын сан, Рио Тинто Монгол ХХК-иас КОВИД-19 халдварын иж бүрэн PCR оношилгооны лабораторийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна. Мөн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар Замын-Үүд суманд коронавирусын 500 ширхэг түргэвчилсэн оношлуур, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг тус тус гардуулан өгсөн аж.

Дорноговь аймгийн хэмжээнд гемодиализ /Бөөр орлуулах аппрат/-ын эмчилгээнд 30 гаруй иргэн эмчлүүлдэгээс 7 нь Замын-Үүд сумын иргэд юм байна. Тус сумын иргэд долоо хоногт 2-3 удаа аймгийн төв руу явж эмчилгээнд ордог байсан чирэгдлийг арилгаж, Замын-Үүд суманд Гемодиализийн аппаратын асуудлыг шийдвэрлэж, бүрэн ашиглалтад оруулснаар сумандаа эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.