ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга ҮХЦ-ийн гишүүдэд нөлөөлж байна

O.Admin
2021-02-25

Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байгаа. Өөр юу ч байх учиргүй хэмээн цэцийн гишүүд мэдэгддэг. Гэвч сүүлийн үед хөх тэнгэрийн нь оронд Х.Баттулга гарч иржээ. Түүнийг ҮХ-ийн дагуу дахин нэр дэвших эрхгүй гэсэн гомдол ҮХЦ дээр очсноос хойш Х.Баттулга хоёр ч удаа ҮХЦ дээр өөрийн биеэр очоод байна. Өнгөрсөн 4 жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ганц удаа ҮХЦ-ийн байраар шагайж үзээгүй Ерөнхийлөгч өөрийнх нь асуудлыг хэлэлцэх гэж байгааг сонсноос хойш нэг сарын дотор 2 ч удаа очиж уулзна гэдэг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж харахаас өөр арга алга. Түүний энэ үйлдийг УИХ-ын гишүүн Т.Доржханд ч эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлээд байна. Учир нь Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд Х.Баттулгын асуудлаар гомдол гаргаж, асуудлыг хэлэлцэх өдрийг хүлээж байгаа юм.