ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Улаанбаатар хотын иргэдийг ойрын гурван сарын дотор вакцинжуулах хүсэлтээ тавьж ажиллана" 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах талаар  арга зүйн зөвлөгөө өгч ажиллах үеэр вакцинжуулалттай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Энэ гуравдугаар сард олон нийтийн баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан иргэдийн ачаалал нэмэгдэх учраас мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж ажиллаарай. Хотын удирдлагын зүгээс бүх талаар дэмжиж, зөвлөн туслана. Энэ цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой. Дэм дэмэндээ явж байгаад эдийн засаг, бизнесээ босгож ирнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллаарай” гэлээ.

Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг хэлээд үргэлжлүүлээд нийслэлийн иргэдээ вакцинжуулах тал дээр шуурхай зохион байгуулалт хийнэ.

Гуравдугаар сарын 15-наас хотын иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай хийнэ. Сайн зохион байгуулалтад орж чадвал 2-3 сарын дотор нийслэлийн иргэдээ вакцинжуулж чадна. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд, Шадар сайдад Улаанбаатар хотын иргэдийг ойрын гурван сарын дотор вакцинжуулах хүсэлтээ тавьж ажиллана"  хэмээв.