ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОЮУТОЛГОЙН ордын гэрээг шинэчлэх эсэхийг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-12

Өнөөдөр  Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр 11.00 цагт “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээрийг хийхээр болсон билээ. Энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд, “Рио Тинто” компанийг төлөөлж Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцох  аж. Хэлэлцээрээр далд уурхайн бүтээн байгуулалт буюу Дубайн төлөвлөгөөг цуцлах эсэх, Оюутолгой компанийн татварын маргаан, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойших  хэлэлцээрүүдийн  нэмэлт, өөрчлөлт зэрэг асуудлыг ярилцах юм.

 Х.Баттулга:Оюутолгойн асуудлаар арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах хэрэгтэй

/Ерөнхийлөгч/

-Оюутолгой компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд 2021 оны энэ  сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан.

...Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюу толгойн төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн зургаан  улсын шүүхэд явж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон. Гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, “энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ...

Тухайлбал, Оюутолгой компани олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь Оюутолгойн төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах, маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах, цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах ач холбогдолтой.

Т.Аюурсайхан:Оюутолгойн ордын гэрээг өөрчилж сайжруулах ёстой

/УИХ-ын дэд дарга/

-Оюутолгойн гэрээг байгуулаад 10 жилийн дараа УИХ анх удаа тодорхой шийдвэр гаргасан. Энэ бол Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг хэлэлцэж баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан.

...Оюутолгойн гэрээ ашигтай гэж мэдээлэл хийж байсан. Өнөөдөр Оюутолгойн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө Монгол Улсын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэдэгтээ санал нийлж байна. Оюутолгойн орд Монгол Улсын баялаг. Ухуулаад дуусахад Монгол Улс нэг ч ам.долларын ашиг олохгүй. Харин 22 тэрбум ам.долларын өрөнд орно гэсэн тооцоолол хийсэн байна.  Тиймээс УИХ арга хэмжээ авч, энэ гэрээг өөрчилж сайжруулах ёстой...

Олон улсын байгууллага, олон нийттэй хамтарч ажиллах ёстой. УИХ-ын 20 гишүүн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Тиймээс энэ гэрээг сайжруулах ажил манай парламентын үед шийдэгдэх бүрэн боломжтой. Энэ ажлыг бид аливаа улс төрийн зорилгод ашиглахгүй гэж шийдсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан байдаг.  Ажлын хэсэг 20 гишүүнээр бүрдэж байгаа бөгөөд ахлагчаар нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ажиллаж байгаа билээ.  

  1. Н.Алтанхуяг,
  2. Ш.Адьшаа,
  3. Ц.Анандбазар,
  4. П.Анужин,
  5. Б.Бат-Эрдэнэ,
  6. Б.Баттөмөр,
  7. Б.Баярсайхан,
  8. Ё.Баатарбилэг,
  9. Х.Болорчулуун,
  10. С.Бямбацогт,
  11. Ж.Ганбаатар,
  12. С.Ганбаатар,
  13. Н.Ганибал,
  14. Ц.Даваасүрэн,
  15. Ж.Мөнхбат,
  16. Д.Тогтохсүрэн,
  17. Ж.Сүхбаатар,
  18. Б.Чойжилсүрэн,
  19. Т.Энхтүвшин