ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.ШИЖИР: МОНГОЛ УЛС ЭРХ ЗҮЙТ ТӨРТЭЙ АРДЧИЛСАН УЛС МӨН ЮМ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИЖ ТААРНА

O.Admin
2021-04-16

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцлаа.


-Та манай сонинд анх удаа ярилцлага өгч байна. Чуулганы танхимд та нэлээд ширүүн шүүмжлэл хэлж байр сууриа илэрхийлж олонтаа мэдэгдэл, мэдээлэл хийсэн байдаг. Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж байх шиг байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар одоо ямар ажилд төвлөрч ажиллаж байна вэ?

-Ажлаа хүлээж авснаас хойш анх удаа өдөр тутмын хэвлэлд ярилцлага өгч байна. Чуулганы танхимд бол УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, мөн хэлэлцэж байгаа зүйлтэй холбогдуулан ЕТГ-ын даргын хувьд байр сууриа илэрхийлдэг. Хурц ч юу байхав. Тухайн хэлэлцэж буй асуудлыг хэт мушгин гуйвуулж, улстөржүүлж байгаад шүүмжлэлтэй хандсан маань тэгж санагдсан байх. Улс төр бужигнаж байгаа ч төрийн ажил явдгаараа явах ёстой. Манай Тамгын газар бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба байдаг. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба ч гэх юм уу бусад хамаарал бүхий байгууллагуудаас өөр. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөөг боловсруулах, холбогдох ажил, арга хэмжээг хариуцан гүйцэтгэх, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчид туслалцаа үзүүлэх зэрэг цомхон мэт боловч маш өргөн хүрээний ажлыг хариуцдаг.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавьсан ч хүлээж авсангүй. Энэ талаар таны байр суурь?

-Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Ерөнхийлөгч энэхүү хоригоороо Улсын Их Хурлаас Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлж ажиллахыг шаардсан. Харамсалтай нь Улсын Их Хурал хүлээж авсангүй. Энэ нь таны түрүүн хэлсэн шиг улс төр бужигнаж байгаатай, угтаа улс төрийн нам төрийн дээр гарч будлиан хутгаж байгаатай л холбоотой. Би залуу хүний хувьд сүүлийн үед өрнөж буй зарим нэг зүйлд их санаа зовниж байгаа. 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг засна, үр дүн гарна гэдэгт Монголын ард түмэн итгэж, найдаж байсан. Тэгж ч сурталдсан. Харамсалтай нь эрх баригчид иргэд, сонгогчдынхоо энэ их итгэлийг хөсөрдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улам төгөлдөржүүлж, амилуулах ёстой салбар хуулиудаа зөвхөн өөрсдийн явцуу эрх ашиг, сонирхолд нийцүүлэн баталж, засагдах ёстой завхрал, гажуудлыг улам төгөлдөржүүллээ.

Тухайлбал, Ерөнхийлөгч хоригтоо “Улсын дээд шүүх бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүртлээ, гагцхүү Үндсэн хуулинд захирагдаж ажиллах ёстой Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан үүсгэх хэмжээнд очтолоо, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй болтлоо улс төрийн нөлөө дарамтад орж, хараат бус байдлаа алдаж байна” гэдгийг тодотгож, эрх баригчдын хууль тогтоох эрх мэдлээр дамжуулан орж байгаа улс төрийн дэглэмийн талаар маш тодорхой хэлж сануулсан. Энэ бол бүхний нүдэнд ил болж байгаа үйл явдал шүү.

-Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөхдөө Улсын Их Хурал хуулийн ямар зөрчил гаргав. Энэ талаар тодруулахгүй юу.

-Ерөнхийлөгчийн хоригт тодорхой дурдагдсан. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхийн санал болгосноор томилж, энэ гурван субьектийн гаргасан саналаар Улсын Их Хурал эгүүлэн татах буюу чөлөөлдөг. Үүнээс өөр хууль байхгүй. 

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нар нэг өдөр, Улсын Их Хурлын нэг тогтоолоор нэгэн зэрэг томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь мөн нэг өдөр нэгэн адил дууссан байдаг. Гэтэл Улсын дээд шүүх энэ хоёр хүний оронд дараагийн хүнийг санал болгохдоо хоёр биш нэг хүн явуулж, тэгэхдээ хэнийг нь чөлөөлөхөө Улсын Их Хурал өөрөө мэд гэсэн тал зассан маягийн санал ирүүлснээс хуулийн зөрчил, маргаан үүссэн гэж үзэж болно. Зүй нь Улсын дээд шүүх тэрний оронд энэ хүнийг санал болголоо гэдгээ тодорхой хэлэх ёсой. Хууль нь ч тийм.

-Улсын дээд шүүх тодорхойгүй, тал зассан санал ирүүлдэг юм байж. Тэгвэл Улсын Их Хурал энэ хоёр хүнээс хэнийг нь хэрхэн яаж сонгож чөлөөлөв гэдэг нь сонирхолтой байна.

-Улсын Их Хурлын гишүүд их гоё, гоё тайлбар хийдэг юм билээ. Энэ асуудал дээр ч мөн гоё тайлбараа хийсэн. Гэхдээ цагаан дээр хараар бичсэн хуулийнхаа эсрэг. Тухайлбал, гишүүд Ш.Цогтоог төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу түрүүлж чөлөөлж байгаа гэх мэт тайлбарыг хийсэн. Харамсалтай нь тийм биш. 

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гээд заачихсан. 

Хуулийн энэ зохицуулалт Цэцийн гишүүнийг Улсын Их Хурал дур зоргын байдлаар сонгож чөлөөлөхгүй гэдгийг нэгдүгээрт маш тодорхой хэлж байгаа. Хоёрдугаарт, Цэцийн гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ч гэсэн анх илгээсэн байгууллагынх нь саналаар чөлөөлнө гэдгийг мөн тодорхой хэлж байгаа юм.

Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүх санал болгож томилуулсан. Тиймээс Улсын дээд шүүхийн саналаар хэн нэгнийг нь чөлөөлөх ёстой байлаа. Энэ талаасаа Үндсэн хууль, саяхан батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль,Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль бүгд зөрчигдсөн.

Та анзаарч байгаа бол сая миний дурдсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд Цэцийн гишүүнийг чөлөөлүүлэх саналыг Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана гэсэн байгаа биз. Энэ ажиллагаа ч хийгдээгүй. Ийм байж болох уу?

-Үүний цаана юу нуугдаж байна?

-Харин та юу гэж бодож байна.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн маргаан өрнөж байгаа. Үүнтэй холбоотой байж болох уу?

-Тодорхой л зүйл. Цэцийн гишүүн нь Үндсэн хуулиа зөрчин барин маргаан үүсгэж байгаа, Цэцийн бага суудлын хуралдаан нь гацаж байгаа, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй байгаа, Улсын дээд шүүхээс хоёр хүний оронд нэг хүн санал болгож байгаа, Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр хүнээс Ш.Цогтоо гэдэг хүнийг сонгож чөлөөлж байгаа, шинээр томилогдсон хүнийх нь шийдвэр гаргаж байгаа гэх зэрэг үйл ажиллагаа, эдгээрийн уялдаа холбоог бодоод үзэхэд тэнэг хүн ч ойлгохоор.

Би бол хуульч хүн биш. Гэхдээ энэ бүх үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэхгүй, эрх зүйт төрийн ёсонд огт зохицохгүй гэж үзэж байгаа. Нөгөө засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх нь хаачив, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн нь хаачив. Ийм байж болох юм уу?

-Х.Баттулга Ерөнхийлөгчийн нэр дэвших асуудал хэрхэх бол. Та юу гэж бодож байна. Энэ бүхнийг давж гарч чадах болов уу?

-Өнөөдөр Монгол Улс эрх зүйт төртэй, аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чаддаг ардчилсан улс мөн юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж таарна. Магадгүй Үндсэн хуулийг нэг хүнд зориулсан мэтээр тайлбарлаж, 2017 оноос ухраан үйлчлүүлж, түүнийгээ төрийн эрх мэдлээр далайлган зөвшөөрүүлж, дарангуйлан баталгаажуулах юм бол хэрхэхийг би мэдэхгүй. 

Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй мэтээр ойлгуулах зорилтод маргааныг үүсгэж, мөнгө цацаж, олон нийтийг төөрөгдүүлэх пиарыг тодорхой хүн, хүчээ нэгтгэсэн нам, улч төрчид чамгүй явуулж байгаа.Мэргэжлийн хуульчид “Энэ болүүнийг хуулийн маргаан биш, улс төрийн маргаан” гэж дүгнэдэг юм байна лээ. 

Зүгээр л иргэддээ сонгох эрхийг нь сонголттой нь өг л дөө.

-Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж чадахгүй болбол ард түмэн хэрхэн хүлээж авах бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт иргэдийн саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг даргалж, тухайн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсгээ зурж, ёсчлон баталгаажуулсан Ерөнхийлөгчийнхөө үндсэн эрх, эрх чөлөөг хурааж авч байгаа эрх баригчид цаашид юу ч хийж чадна гэсэн үг. Зөвхөн үүний эсрэг л иргэд нэгдэнэ. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гацаанаас нь гаргаж, манлайлал үзүүлж, гарын үсгээрээ баталгаажуулсан хүний эсрэг нөгөө нэмэлт, өөрчлөлтийг нь үйлчлүүлж, Та гарын үсэг зурсан нэмэлт, өөрчлөлтөөрөө нэр дэвших эрхгүй болсон шүү дээ гэж хэлж чадаж байгаа нь дэндүү басамжлал юм шиг санагддаг. Нуугаад яахав.

Ерөнхийлөгчийн сүүлийн үед явуулж буй бодлого нь нийт ард түмний өмч болсон байгалийн баялгийг хэдхэн гэр бүл эзэмшдэг, үр ашгийг хүртдэг байдлыг бүрэн халъя, баялгаа улс орны хөгжил, ард иргэдийнхээ ахуй амьдралд хүртээлтэй болгоё гэдэгт чиглэсэн хийх ажил нь дуусаагүй байгаа. Ийм байхад өөрөө өөрийгөө улс төрөөс гаргах хуульд гарын үсэг зурах уу.

-Ер нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчид сөрөг хүчин шиг гадуурхагдаж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өмнө нь мэдэгдэж байсан. Энэ тухайд дэлгэрүүлж асуумаар байна?

-Дэлгэрүүлж ярихад ичмээр зүйл. Манай Тамгын газрын ажилтнууд улс төрд ямар ч хамаагүй шүү дээ. Төрийн л албан хаагчид. Зөвлөхүүд худлаа яриагүй. 

-Улс оронд “Ковид-19” вирусийн тархалт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч, мөн эдийн засаг уналтад орсон байна. Үүний хүрээнд Ерөнхийлөгч иргэн бүрт нэг сая төгрөг өгөх санал гаргаж байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх улсад мөнгө байхгүй байна гээд саналыг хүлээж аваагүй. Харин саяхнаас иргэн бүрд 300 мянган төгрөг өгч эхэллээ. Энэ тухайд?

-Үнэнд гүйцэгдэж байна. Улс орнууд энэ цар тахлын хямрлаас иргэд болон эдийн засгаа авархад зөвхөн энэ аргыг л хэрэглэсэн. Ерөнхийлөгчийн санал бол олон улсын туршлагаас улбаатай юм. Ерөнхийлөгч Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор болсонд сайшаалтай хандаж байгаа.

Үүнийг хатуу хөл хорио тогтоож иргэн, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласныхаа төлөө төрөөс өгч буй нөхөн олговор гэж ойлгох нь зүйд нийцнэ. Засгийн газрын шийдвэр бол энэ зүй ёсны үүргээ л хэрэгжүүлж буй хэрэг. Дэлхийн олон улс орон хөл хорио тогтоож иргэдээ ажил, орлогогүй байлгасныхаа төлөө нөхөн олговрыг цаг алдахгүй олгосон байдаг. Тухайлбал АНУ, Өмнөд Солонгос одоогийн байдлаар дөрвөн удаа нөхөн олговор олгоод байна.

Ерөнхийлөгч мөнгө байхгүй гэдгийг бол зүгээр л шалтаг, улсын төсөв, татвар төлөгчдийн хөрөнгөд эрх баригчид гамгүй хандсан гамшиг л гэж үздэг. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш улсын төсөвт байнга хориг тавьсан. Гол шаардлага нь хэрэгггүй зардлаа тана, төрийн байгууллага, албан тушаалтнууд тансаглалаа зогсоо, хөдөө аж ахуйн парк ч гэдэг юм уу тийм үр ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүл гэдэгт байсан. Харамсалтай нь эрх баригчид огт сонсоогүй.

Өнөөдөр мөн л дараагийн боломж, хувилбарыг санал болгож байгаа. Эдийн засгаа сэргээхэд иргэн бүрд 300,000 төгрөг өгөөд зогсох нь учир дутагдалтай байна. Оффшор бүсэд буй 4 их наяд төгрөгийг оруулж ирэхэд хамтран ажиллая, 4 их наяд төгрөгийг энэ оны наймдугаар сар хүртэл нэг ёсондоо бүх иргэдээ вакцинжуулж, цар тахлыг бүрэн ялах хүртэл хугацаанд сар бүр өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье, үүгээр ард иргэдийнхээ ахуй амьдралыг дэмжье, айл өрхөөрөө дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлье гэдэг саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ бүхнийг цогцоор нь харж чадвал эдийн засгаа аврах олон боломжийг олж харна.

Харамсалтай нь дахиад л бүтэшгүй гэх мэтээр шүүмжилж байна. Анх сая төгрөг өгье гэхэд гарч байсан шүүмжлэл л дээ. Гэхдээ өнөөдөр өгч байна. Ингээд бодох хэрэгтэй. 

Бид өнөөдөр дэлхий нийтийн адил цар тахлын хүнд цаг үеийг туулж байна. Хүн амын гуравны нэг нь ядууралд нэрвэгдсэн, ААН-үүд хаалгаа барихдаа тулсан, экспорт үлэмж хязгаарлагдсан, ажлын байр цомхотгогдсон ийм үед төр нь ард иргэдээ зайлшгүй дэмжиж, хүнд үеийг туулна.

Хэрэв энэ хүнд цаг үед улстөржиж, тэмцэлдвэл эдийн засгаа улам доройтуулаад зогсохгүй ард түмний амь амьдрал үлэмж хохирно. Нийгмийн стресс, иргэдийн бухимдал их байна. Тиймээс ард түмнээ стресс бухимдал, ядуурлаас гаргахын тулд зөвд зөөлөн, бурууд хатуу бодлого үгүйлэгдэж байна шүү. 

-Ерөнхийлөгч өмнө нь төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь олон удаа хориг тавьсан Улсын Их Хурал хүлээж авдаггүй. Ерөнхийлөгч албаар хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэж иргэд асууж байсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Ерөнхийлөгчийн хориг бол Улсын Их Хурлын алдаатай буруу шийдвэрт хориг тавих замаар тухайн шийдвэрийг эргэн харах, засч сайжруулах боломж, гарцыг олгодог ач холбогдолтой.Ерөнхийлөгчийн хоригууд бүгд үндэслэл, шалтгаантай, ард иргэдийн эрх ашгийг бодсон байдаг. 

Нэг зүйлийг онцлоход, УИХ-ын гишүүн нэг тойргоос сонгогдож, тойргийн иргэдээ төрд төлөөлдөг бол Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмнийг төлөөлөн сонгогддог. Ингэхээр нийт ард түмнээ төлөөлсөн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ард түмний дуу хоолой гэдэг өнцгөөр хааяа ч гэсэн бодолцож үзэх учиртай. 2021 оны улсын төсөвт Ерөнхийлөгч яагаад хориг тавьсан бэ?

Яагаад гэвэл дэлхий нийт цар тахлын оргил үеийг туулж байна. Энэ цаг үед байшин, музей, соёлын ордон барихад төсөвлөсөн зардлаа 2021 онд тэвччих! 2020 оны улсын төсөвт төсвөө батлуулаад улсад хүлээлгэж өгөх ёстой 160 орчим барилга байгууламж 2021 оны улсын төсөвт төсвөө нэмэгдүүлээд нийт дүнгээр 170 орчим тэрбум төгрөг суулгасан байх жишээтэй. Гэтэл төсвийн сахилга бат гэж байдаг бол энэ 170 орчим тэрбум төгрөгөөр вакцинаа захиалсан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэх үү гэдгийг бодох л асуудал. Бид энэ асуудлыг тухайн үед маш их ярьж, хоригоо хамгаалсан ч огт тоогоогүй. 

Гэтэл өнөөдөр хар л даа. Вакцин захиалах мөнгийг төсөвт суулгаагүйн үр дүн гарч илэрч байна. Халдвар авсан иргэдийг яаж буруутгах юм бэ? Тэд чинь амьдрахын төлөө хуруу хумсаа хугалан, ажлаа хийж байна. Би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ. 12 дугаар сард төсвийн тухай хуульд тавьсан хоригын үеэр л ярьсан юмаа хэлж байна. 

-Ерөнхийлөгч вакцин авах асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн. Одоо иргэдээ вакцинжуулах асуудалд ямар байр суурьтай байна вэ? 

-Дээр хэлсэнчлэн төсөвт өнгөрсөн жил хориг тавихдаа л Ерөнхийлөгч иргэдээ хурдан вакцинжуулъя, вакцины зардлыг төсөвт суулгая гэдэг бодлогоор хориг тавьсан. Хоригийг хүлээн аваагүй тул энэ жилийн хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу Цагаан сарын битүүний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд захидал бичиж Спутник вакцины тусламж хүссэн. Бид энэ захидлаа тухайн үед улс төрийн шоу хийж, олон нийтэд зарлаагүй. Зарлах ч шаардлагагүй байсан. Хамгийн гол нь ажил цаагуураа зогсолтгүй явж байдаг юм шүү. Хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярихад тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хоёрдугаар сард хүлээн авснаа хэлээд, ОХУ-ын зүгээс хоёр орны түүхэн уламжлалт харилцаагаа хүндэтгэж, Спутникээр хангах ажлыг эрчимжүүлэх төдийгүй Монголд вакцины үйлдвэр барих ажлыг Ажлын хэсэг гарган дэмжих ажиллахаа илэрхийлсэн. 

-Мөн Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ байр суурь одоо ямар байгаа бол?

-Зөвхөн Шүүхийн тухай хуулиас гадна Авлигын эсрэг хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ерөнхийлөгч хориг тавьж байсан.Эдгээр хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хараат бус байх ёстой, төрийн эрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх чиг үүргээ гүйцэтгэх ёстой Авлигатай тэмцэх газар, шүүх засаглал, орон нутгийн засаг захиргааг бүхэлд нь нэг гарт төвлөрүүлсэн.

Эрх зүйт төртэй улс орнууд шүүх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдэлтэй холбогдвол иргэний амьдрал, эрх чөлөөнд дур зоргоор халдаж, дарангуйлал тогтоно гэж үздэг юм байна лээ. Хяналт, тэнцвэр алдагдсан хязгааргүй эрх мэдэл нэг цэгт төвлөрвөл өнөөгийн Монголын нийгмийн гажиг засагдах биш, улам ужгиран дархлагдах нь гарцаагүй.

-Ардчилсан намын дотоод асуудал хоёр тамгатай, хоёр даргатай мэт тодорхойгүй байдалтай байна. Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй харагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ намаас нэр дэвших эсэх асуудал хэрхэх бол гэдэг нь олны анхааралд байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ардчилсан намыг зохион байгуулалттайгаар задалж, хоёр тамгатай хоёр даргатай болгож байна. Одоогийн Ерөнхийлөгчийг дахин дэвшүүлэхгүйн тулд улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүс эхлээд Үндсэн хуулийн Цэц дээр унагаана, болохгүй бол намыг нь хоёр хувааж байгаад сонгуульд дэвшүүлэхгүй байлгах эртнээс бэлдсэн зураглал. Энэндээ манай намын нэр бүхий хүмүүсийг л ашиглаж байна гэж харж байна. 

Бусдаар бол АН гишүүд, дэмжигчид хоёр хуваагдаагүй, нэг цул байгаа гэдгийг саяхан бид харлаа шүү дээ. Бусдын үгэнд ороод өөрийн орон байраа шатааж, гэр орноо түйвээх зориг тийм ч олон хүнээс гарахгүй дээ. Тэр хүнээ л олж аваад хэрэгжүүлж байна гэж харж байна.