ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөл хорионы үеийн “солгой” улс төр

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-17

-Асуудал дөнгөж эхэлж байна, дахиад ч маргаан үргэлжилнэ-

 

Арилжааны 13 телевизээр хошин урлагийнхан нь топ моделуудтайгаа зэрэгцэн суучхаад “солгой” шоу цацаж байх цаг дор Ардын намынхан харин Зайсангийн дэнжийг хааж байгаад “солгой” улс төр хийлээ. Хатуу хөл хорионд хашигдаж, хэдэн “топ”-уудынхаа солгой дууг чагнан, уярч суугаа монголчуудад тэнд юу болж буй нь хамаагүй байж болох ч ардчилал Монголд устаж үгүй болох алхмыг МАН-ын шүгэл үлээгч Т.Доржханд хийж чадлаа.

 

Үндсэндээ, Монгол Улсад ойрын 10-20 жилдээ нэг намын дарангуйлал тогтох эх үүсвэр тавигдаж, Үндсэн хуулийн цэц нь анх удаа Үндсэн хуулиа өөрийг нь зөрчиж шийдвэр гаргалаа. Хатуу боловч ганцхан үнэн нь энэ юм.

 

Ардчилал амь бөхтэй хэвээр байгаа, Цэцийн дээр хөх тэнгэр бий, хуульчид үнэний төлөө нэгдлээ гэсэн илүү дутуу улс төр энд огтоос ч хамаагүй. Ерөөс Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрийн хүслээр удирдаж, өөрчилж болох эхлэл энэхүү увайгүй үйлдлээр тавигдсан юм. Үндсэн хуулийн цэц өчигдөр хоёр талаасаа цагдаагаар хашуулж, хэвлэл мэдээллийг ч оруулахгүйгээр Т.Доржханд, Д.Үүрцайх нараас ирүүлсэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна” гэх мэдээллийг хэлэлцлээ. Сар гаруй үргэлжилсэн Цэцийн хуралдааны явцад АН-д буюу Х.Баттулгад илтээр  үйлчилсэн гэх Цэцийн гишүүнийг тэтгэвэрт гарсан хэмээн МАН-ынхан суудлаас нь хөөж буулгасан байдаг. Адилхан хоёр гишүүний хугацаа дууссан байсан ч ардчилалд элэгтэй гэснийг нь хөөж явуулснаараа тэд увайгүй үйлдэл хийж буйгаа нотолчихсон юм.
Тиймдээ ч өчигдрийн нөхцөл байдалд нэг намын үнэмлэхүй олонхиос бүрдсэн Цэцийн гишүүд дангаараа хуралдаж, “Ерөнхийлөгч Х.Баттулга дахиж нэр дэвшихгүй буюу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буцаж ухарна” гэсэн шийдвэр гаргав. Цэцэд үүсгэсэн энэ маргаан нь начир дээрээ үе үеийн Ерөнхийлөгч нарт хаяглагдсан хэдий ч угтаа өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өрсөлдүүлэхгүй гэсэн эрх баригч намын улайрлыг биелүүлж өгсөн шийдвэр болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сунгаанд хамгийн хүчтэй өрсөлдөгчид болно хэмээн тооцоолж байсан хоёр өрсөлдөгчийн нэг нь гараанаас ганцаараа гарч, барианд ч ганцаар орох хүслээ Цэцийг ашиглан гүйцэлдүүллээ. Гэвч асуудал ингээд дуусчихсан юм биш ээ. Цэцийн шийдвэр цааш, цаашдаа өрнөх улс төрийн томоохон хоёр ч маргааны эхлэлийг тавьчихлаа.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жил улирч ажиллах уу

 

Энэ бол эхний өнцөг. Хэрвээ УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь буцаж ухрах зүйл заалттай юм бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга зургаан жилээр ажиллах ёстой гэдэг асуудал хөндөгдөх нь мэдээж болж байна. 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж яг ийм агуулгатай гомдлыг Цэцэд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, “...Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчиж байна. ...Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон. Гэтэл, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэгэн шилжилтийн журам тогтоогоогүй тул 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон хэмээн үндэслэлээ тайлбарлажээ. Энэ өнцгөөс харвал, Цэц дахиад энэхүү гомдлыг хэлэлцэх ёстой болох нь ээ. Хэрвээ Р.Гончигдоржийн буруу буюу “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буцаж ухрахгүй” гэж шийдвэр гаргавал өчигдөр хүч түрж гаргасан шийдвэр нь мөн л хүчингүй болох учраас нэг намын эрх мэдэл тогтоосон давуу байдлаа ашиглан хөл хорио нэрээр Цэцийн хуралдааныг хойшлуулж, энэ асуудлыг хэлэлцэхгүй цаг хожих гарцыг тэд эрэлхийлж байгаа юм.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа өөрчлөх боломж бий юу

 

Хоёр дахь өнцөг нь энэ. Хатуу хөл хориотой хэдий ч УИХ нь Цэцийн шийдвэрийг албажуулж, У.Хүрэлсүхэд боломж олгохын тулд 15 хоногийн дотор хуралдахаас өөр аргагүй болж байна. Тиймдээ ч УИХ-ын хуралдааныг ойрын хугацаанд зарлаж, Цэцийн шийдвэрийг хүлээж авахаар яригдаж байгаа гэх. Хэрвээ УИХ нь Цэцийн гаргасан шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд байгаа 3, 5, 26 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөх ёстой болно. Гэтэл энд нь процессын алдаа гарах бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн төслөөр бол аливаа улс төрийн сонгууль болохоос 1 жилийн өмнө сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах заалттай. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахын тулд эхлээд Хууль тогтоомжийн тухай хуульд байгаа заалтаа өөрчлөх болно. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтаа өөрчлөх ёстой. Хууль тогтоомж бүрийн дунд тодорхой хугацаа шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлахаас өмнө амжих уу гэдэг нь эргэлзээтэй болж байна. Ирэх даваа гарагаас эхлэн тоолвол намуудад нэр дэвшигчээ зарлахад ердөө 14 хоногийн хугацаа үлджээ. Энэ богино хугацаанд хоёр ч том хуулийг өөрчилж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хөл хориогоо цуцалж, 1-2 хоногийн дотор нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр хүч түрж асуудлыг шийдэх гарц л Ардын намын улстөрчдөд үлджээ. Гэвч хуулийн маргаан дуусахаас өмнөсөрөг хүчин нь хуралдаж нэр дэвшигчээ зарлаж чадахгүйд хүрвэл жинхэнэ утгаараа өрсөлдөгчгүй өрсөлдөөн буюу У.Хүрэлсүх гараанаас ганцаараа гарах нөхцөл бүрдэх билээ. Эндээс л АН-ынхан Х.Баттулгаасаа хагацчихвал цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн улайрал, үгсэн хуйвалдсан үйлдэл нь юунд хүргэснийг харж болох билээ. Үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар 4 жил эхний гурван байранд жагсаж байсан нэр хүндтэй өрсөлдөгч Х.Баттулгаас өөр АН-д байхгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН үндсэндээ ялалт байгуулсан гэж дүгнэж болох нь ээ. Гэхдээ ирэх тавдугаар сар хүртэл хөл хорионы үеийн халуун улс төр хэрхэн өрнөхийг анхааралтай ажиж сууя. Х.Баттулга ч зүгээр сууж байгаад зайгаа тавиад өгчих улстөрч биш учраас Цэцийн өчигдрийн шийдвэр зөвхөн улс төрийн их тулааны эхлэл боллоо гэж дүгнэж байна. Солгой улс төр хэрхэх өрнөхийг харах л үлдлээ.