ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ард түмэн коронагаар амиа алдсаар байхад Ардын намынхан та нар ХААНА БАЙВ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-20

Төрийн тэргүүний хийсэн ганцхан мэдэгдэл буюу МАН-ыг тараах захирамжийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн асуудал МАНай дарга нарыг олон нийтийн өмнө гаргаж ирлээ, баярлалаа Ерөнхийлөгч өө. МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хурлаа шөнөжин хуралдуулж, бүүст хийсэн мэдэгдэл байршуулж эр бярыг үзүүлтэл нь сандаргажээ. Ардчилал, хүний эрхийн ойлголтыг уландаа гишгэсэн нам ардчилал ярьж гарч ирэхийг харлаа. 

Сүрийг  үнэхээр үзүүлж чаддаг юм байна, та нар минь. Сүрдмээр олуулаа юм байна аа. Эрх ашгийнхаа төлөө хэрхэн эвлэлдэн нэгдэж чаддагийг харлаа, биширч байна. Гэвч та бүхний энэхүү сүр хүчийг цар тахалтай тэмцэх үеэр л үзэхийг хүсэж буйгаа ард түмэн тэрхүү мэдэгдлийн дор оруулсан пост, дарсан ууртай эможигоор харуулсныг үзэв үү, МАН-ынхаан. Хүн үхэж байхад, хүүхэд хүчирхийлүүлж байхад, эр цэрэг армид амиа алдаж байхад эрх баригч та нар ийм олуулаа яагаад гарч ирээгүйг тэд асууж байгаа юм шүү дээ, ухаандаа. “Би Женкод дургүй л дээ, гэхдээ”... гэсэн олон мянган постоос та бүхэн ямархуу рейтингтэй яваагаа олж харсан болов уу.

Энэ цаг үед явцуу улс төр, Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй Монгол Улсын хувь заяа, хүн амын эрүүл мэндийн асуудал чухал болоод байгааг мэддэг болов уу. Манайд дэгдсэн цар тахлын халдварын тархалт таван оронтой тоо руу хэдийнэ орж, 50 гаруй хүн хорвоог орхисон гашуун мэдээг зурагтаар л бид үзэж сууна. Цар тахалтай тэмцэх чинь ганцхан Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, С.Амарсайхан, С.Энхболд дөрвийн ажил биш. Төрөө түвшин, түмэн олноо амгалан байлгана гэж амлалт өгсөн МАН-ын 62 гишүүний ажил юм шүү дээ. 18 аймагт тархаж, ногоон бүс гэж зарлах алга дарам газар ч үлдэхгүй нь ээ, эрхэм дарга нар аа. Энэ та нарт хамаатай асуудал мөн үү. Эрх баригч нам атлаа яагаад алга дарам цаасан дээр эмгэнэл бичээд, амиа алдсан 40 хүний араас гашуудаж чадсангүй вэ. Өвчлөлийн тоогоор Бразил, Англи, БНХАУ-ын араас жагсаж байхад вакцин авцгаая, ард түмнээ аварцгаая гэж Ардын намынхан яагаад нэг удаа ч мэдэгдэл хийж болсонгүй вэ. Эрдэнэтийг хулгайлж байхад, Б.Ундармаа улсын төсвийг тонож байхад та нар хаана байв. 

Халдварын тархалт өндөр байгаа  учраас эрүүл мэнд, эмнэлгийн салбарынхан ачааллаа дийлэхгүй, сайн дурын хүмүүсийн эрэлд гарч байгаа мэдээлэл хаа сайгүй байна. Эмнэлэгийн ор, эмч ажилтан, техникийн тоног төхөөрөмж гээд шаардлагатай бүхий л зүйл хомсдолд орж эхэллээ.

Улсын хэмжээнд ганцхан уушги орлуулагч аппараттай Монгол Улс цар тахлын эсрэг нүцгэн гар, хөх толбондоо найдсан мухар сүсгээр л тэмцэж байна шүү дээ. Бид цар тахалдаа бүслэгдэж, бууж өгөх үү, тэмцэх үү гэдэг сонголтын өмнө тулгарч, амьдрах эс амьдрах эсэх нь цаг хугацааны асуудал болсон хатуухан үнэнтэй тулгаран өдөр хоногийг өнгөрүүлж байгаа. Харин ийм хүнд цаг үед МАНайхан сүр хүчээ үзүүлж, харуулахгүй юм уу.

Дархлаажуулалтыг эрчимжүүлнэ гэж аархаж суусан та бүхэн хоёр дахь тунгаа хийх нөөцгүй байсанд яагаад уучлалт гуйж, мэдэгдэл хийгээгүй юм бэ. Төрөөс гаргасан шийдвэр бүрийг өнөөдрийг хүртэл хүлцэнгүй тэвчиж, ажилгүй, ажлын байргүй болсон ч эрүүл мэндийнхээ төлөө сөрж суугаа ард түмэн чинь юу болж хувирах вэ. Жижиг дунд олон бизнес хаалгаа барьж, барьцаалах хөрөнгөгүйг нь мэдсээр байж, гурван хувийн хүртээмжгүй зээлийнхээ шаардлагын босгыг өндөрсгөж суугаа та нар минь үйлдвэржилтийг хэрхэн дэмждэг вэ гэдгээ харууллаа, харгис байдлаа ч үзүүлэв.

Иргэд нь өвдөж, үхэж, дампуурч, шатаж, амиа хорлож, гадуурхагдаж байхад эрх баригч нам яагаад яаралтай хурал зарлаж, хүнийхээ төлөө, ирээдүйнхээ төлөө дуугарч болдоггүй юм бэ. Ийм том мэдэгдэл яагаад гаргаж болсонгүй вэ. Ингээд олуулаа гарч ирж болоогүй хэрэг үү. Гэтэл Төрийн тэргүүний ганцхан мэдэгдлийн араас шөнө дөлөөр хуралдаж, элдэв хараал, магтаал урсгадаг хөлсний хэдэн троллоо ажиллуулж, амандаа багтахгүй их сайшаалын үгсийг урсгаж байх зуур хэдэн мянган хүн цар тахалтай тэмцэж, нойргүй, хоолгүй зүтгэж, зарим өвчнөө дийлэхгүй хорвоог орхив.

Хэдхэн жилийн настай сонгуулийн бооцоогоор иргэдийнхээ амийг барьцаалсан эрх баригчдын дуу хоолой, үйл хөдлөл, үгийг ард түмэн хүлээж сууна даа. Ард түмэн амиа алдаж байх энэ хэцүү цаг үед л Ардын намынхны дуу хоолойг тэд үгүйлсэн учраас Ерөнхийлөгчийн хийсэн улс төрийн акцийг тэгтлээ дэмжсэнийг эгэл жирийн иргэн би ч ойлгоод байхад, том улс төр хийдэг тэд л харин ойлгохгүй юм даа.