ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-21

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд Боловсрллын сангийн зээлээр бакалаврын боловсрол эзэмшихээр шалгарсан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, эгэл ардын хүүхдийн боломжийг даргын хүүхэд эдэллээ хэмээн шүүмжлэх шалтгаан болсон.

Энэхүү тэтгэлгийг зөвхөн дарга нарын хүүхэд давуу эрхээр авсан атлаа эгэл ардын хүүхдэд дэлхийн ямар ч том сургуулийн шалгуурыг хангасан байлаа ч магистраас дээш бол хэмээн шалгуур тавьж буй нь олон нийтийн бухимдах шалтгаан болсон юм. Мөн С.Амарсайхан Шадар сайд болсны дараахан буюу өнгөрөгч хоёрдугаар сард тэтгэлгийг шилжүүлсэн нь албан тушаалын давуу байдлаа ашиглалаа гэх бухимдлыг улам өдөөжээ. Тэгвэл өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүүгээсээ уучлалт гуйж, тэтгэлгийг буцаан шилжүүлж буйгаа мэдэгдэв.

Тэрбээр, “Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа нэгэн сонирхолтой бөгөөд шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр чи ойлгох болно оо.

Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч аав, ээж нь сайн мэднэ.

Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, мэрийх бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа гүйн ирж хэлэхэд нь эцэг хүний хувьд би

"Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө, улстөржүүлээд аавыг нь муу хэлнэ", миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм. Учир нь Улстөрч Амарсайханы хүү биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан  Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд чиний буруу гэж огт үгүй.

Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй. Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой хэмээн аав нь бас хүснэм.

Иймд аав нь энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргая. Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан хэрэлдүүлэхгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзах БОЛСНЫГ ойлгоно хэмээн найдаж байна..

Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг чи мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хэзээ ч хийхгүй.

Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!  Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна... " хэмээжээ.