ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Х.Баттулга ялах гээд байгаа учраас Үндсэн хуулиа зөрчиж, дүгнэлт гаргуулсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-21

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх ярилцлагаас онцлох ишлэлийг хүргэж байна. 

-Монгол Улсад Ерөнхийлөгчид нэр дэвших шаардлага хангасан гурван зүйл Үндсэн хуульд тусгагдсан байгаа. Тухайлбал, нэр дэвшигч 50 нас хүрсэн байх. Сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан, уугуул иргэн байх ёстой. Үүнээс өөр шалгуурыг Үндсэн хуульд тавиагүй бөгөөд 50 нас хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэр дэвшиж болно гэсэн үг.

-Тэгэхээр МАН-ын нэр дэвших эрхтэй, эрхгүй гэдэг маргаан огт ор үндэсгүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихээр ялах гээд байгаа учраас Үндсэн хуулийн Цэцээр Үндсэн хуулиа зөрчиж, дүгнэлт гаргуулсан. Үүнийгээ мэдээж УИХ хүлээж авна шүү дээ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны арваннэгдүгээр сард  батлагдсан. Батлагдаад бараг хоёр жил болох гэж байна.

-Хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшинэ гээгүй бол ийм маргаан гарахгүй байсан. Түүнчлэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт  одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрх байхгүй гэж 2019 онд мэдэгдэж байсан.

2019 оны дөрөв болон тавдугаар сарын үйл явдлыг олон нийт санах хэрэгтэй. Тухайн үед зургаан жилд анх удаа өмнө сонгогдсон, одоо ажиллаж байгаа бүх хүнд нээлттэй байсан. Харин сүүлд он, сар хугацаа сольсон, солиогүй гэдэг нь ач холбогдолгүй мэдээлэл. Өөрөөр хэлбэл, 65 гишүүн хууль санаачлахдаа зургаан жилээр сонгогдсон хүн нэг удаа сонгогдон ажиллана. Дахиж байхгүй гэсэн үг. Тэгэхээр 2021 онд сонгогдсон хүн 2027 он хүртэл ажиллана. Олон нийтийн сүлжээнд миний байнгын хорооны хуралд суухдаа ярьсан яриаг тавиад л явуулаад байна.

 

-Мэдээж би УИХ-ын гишүүн биш учраас санал гаргах эрх надад байхгүй. Ерөнхийлөгчийн санал болгосон хэдэн хуудас зүйл бий. Би тэр саналыг тайлбарлах зорилгоор хуралд оролцсон. Би санал гаргаад, МАН-ын 65 гишүүн дэмжээд батлаад, гаргана гэж байхгүй. Ийм гүтгэлэг хийж болохгүй. Тэд онигоо болж байна.

-Санал бол бичгээр өгөөд, гарын үсгээ зурдаг. Он сартай, минуттай шүү дээ. Харин амаар хэлсэн зүйлийг санал гэж үздэггүй. Тэгвэл энэхүү шалгуураа Үндсэн хуульд дөрөв дэх шалгуур болгож оруулах ёстой. Одоо ч ийм заалт байхгүй. 

-МАН 100 жил гүтгэж ирсэн. Цаашид ч гүтгэнэ. Хоосон зүйлд маргаан үүсгэж болохгүй.