ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шүлснээс халдвар илрүүлэх PCR шинжилгээний 10.000 оношлуурыг ЭМЯ-нд хүлээлгэн өгөв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-21

АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төвөөс шүлсэнд "SARS-CoV-2"-ыг илрүүлэх шинжилгээний 10.000 ширхэг ПГУ /PCR/ оношлуурыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Монгол эрдэмтдийн бүтээсэн уг оношлуурыг 2021 оны 03 дугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Цаг хугацаа хэмнэсэн, шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах сайн бүтээл болсон" хэмээн онцолсон юм. Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдас авах шинжилгээнээс илүү зовиур багатай төдийгүй хямд өртөгтэй гэдгийг юм байна.

Монгол Улсын Засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн эрдэмтдийн багийнхан тус оношлуурыг бүтээн зах зээлд нэвтрүүлж буй бөгөөд нэг хайрцгаас 96 хүний шинжилгээг хийх, мөн шинжилгээний хариу 90 минутын дотор гарах зэргээрээ давуу талтай юм.

ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн 10.000 ширхэг оношлуурыг өнөөдрөөс эхлэн УНТЭ, УХТЭ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС болон СБД-ийн нэгдсэн эмнэлгийн лабораторид хуваарилах юм. Түүнчлэн шүлсэнд "SARS-CoV-2"-ыг илрүүлэх шинжилгээний ПГУ /PCR/ оношлуурыг цаашид өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэллээ.