ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ: У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-11

СЕХ нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг зургадугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ. Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн Сонгуулийн төв байгууллагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан талаар УИХ-ын чуулганы хуралдаанд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран танилцуулав.

Тэрбээр, 

"Энэ удаагийн сонгуулийг  гадаадын болон олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдаас ажиглалт хийн үнэлэлт дүгнэлтээ танилцуулжээ.

Тухайлбал, ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай багийн 8 орны 11 ажиглагч, Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны шугамаар Филиппин улсын Сонгуулийн төв комиссын 2 ажиглагч, Их Британи, АНУ, Япон, Австрали улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын 39 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг ажилласанаас гадна манай улсад үйл ажиллагаа явуулж буй Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 44 ажиглагч сонгуулийг ажиглалаа.

СЕХ  ээлжит сонгуулийн дүнг нэгтгэхэд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 823,326 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 67.69 хувийн санал авсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлж байна” гэлээ.

Улмаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа түүнийг Ерөнхийлөгчөөр батламжлах тогтоолын төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар батламжилсан бол уг тогтоол батлагдсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы индрээс танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргыг зургадугаар сарын 25-ны өдрийн 11.40 цагаас зохион байгуулахаар боллоо.