ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг амлалтаа бүү мартаарай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэрээр өрсөлдөж, нийт сонгогчдын 6 хувийн санал буюу ердөө 70 гаруй мянган иргэний санал авсан нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуулийн үеэр мөнгө тараасан, хууль бус сонгууль болсон хэмээн мэдэгдэл хийв. Гэсэн ч СЕХ-ны дүн мэдээг хүлээн авч, өрсөлдөгч У.Хүрэлсүхэд амжилт хүсэж байна хэмээлээ.

С.Эрдэнэ ярихдаа “СЕХ эцсийн дүнгээ гаргаж, өнөөдөр УИХ-д сонгуулийн дүн мэдээг хүргүүлсэн байна. Энэ дагуу Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг батламжилсан байна. Сонгуулийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байнас. Ерөнхийлөгчийн ажилд амжилт хүсье. Гэхдээ нэг зүйлийг захиж хэлье. Та Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг амлалтаа бүү мартаарай. Нийгэм эдийн засаг, улс төрийн өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэж захиж байна. Миний илэрхийлсэн үг шударга ёсыг хүсэж байсан ард түмний үг шүү гэдгийг ойлгож хүлээж аваарай. Парламентын засаглал, ардчилал шударга ёсыг дэмжих амлалтаа мөн биелүүлнэ гэж итгэж байна. Улс төрд 30 гаруй жил явахдаа өрсөлдөгчийн хувьд бие, биедээ хатуу ширүүн үг хэлж байсан ч Монголын ард түмний төлөө, тэдний эрх ашгийг хэн нь ч огоорч болохгүй.

Би танд итгэж байгаа учраас СЕХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, сайн сайхныг хүсэн ерөөе. Миний хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж нийт гишүүд, дэмжигчид, сонгогч түмнийхээ дэмжлэгээр сонгуульд амжилттай оролцлоо. Үйл ажиллагаа сонгуулийн хууль дүрмийн хүрээнд явагдсан хэдий ч маш олон зөрчил гарсан. Маш их мөнгө тараалаа. Хууль хүчний байгууллага үүнийг шалгах байх. Нотлох баримт надад бий. Төрийн бүх шатны албан тушаалтнуудыг дайчилж оролцуулсан, намаас шахаж шаардсан хэлбэрээр явсан. Төрийн алба тэр чигээрээ нэг намд ажилласан.

Хоёрдугаарт, сонгуулийн явц байдал, дүнг харж байхад эрх барьж буй МАН зарим улс төрийн хүчинтэй хамтарч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар, хуулийн бус аргаар шийдвэрлэсэн байх магадлал харагдаж байна. Цаашдаа манай нам судалгаа хийнэ” гэлээ. Мөн АН-ын мянга мянган гишүүд болон надад итгэл үзүүлсэн сонгогчид, эцсийн мөч хүртэл надтай хамт байсан журмын нөхөддөө баярлалаа. Би эцсийн мөч хүртлээ тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тэмцэж явах болно. Дарангуйлалгүй төр, дарангуйлалгүй улс оршин тогтноно гэдэгт итгэж байна гэсэн юм.

“Таны улс төрийн карьер дуусаж байгаа гэж ойлгож болох уу" гэсэн сэтгүүлчийн асуултад “Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Би үйл хэрэг, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэх гэж улс төрд орсон болохоос аль нэг сонгуулийн төлөө ороогүй. Ардчиллын төлөө 31 жил тэмцэж байна, цаашдаа ч тэмцэнэ. АН-ын гишүүний хувьд, улс төрд байсан хүний хувьд үйл хэргээс ухарч, няцахгүй. Хэсэг бүлэг нь дуусаасай гэж хүсдэг байх. Би тэдний хүслийг биелүүлэхгүй” гэсэн хариулт өгөв.  

Түүнчлэн, “АН-ын хагарлыг хэрхэн шийдэх” талаар түүнээс тодруулахад “АН-ыг хагаралтай, хуваагдсан мэтээр ойлгуулдаг. Манай намд ийм зүйл  байхгүй. Улсын дээд шүүхийн бүх гишүүдийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, улс төрийн намын даргын асуудлыг шийддэг хуультай болсон. Иймд хуралдааны тов хэзээ гарахыг би мэдэхгүй байна. АН-ын шинэ залуу даргаар М.Тулгатыг гишүүд сонгосон. Шинэ удирдлагууд ажлаа төлөвлөж байгаа боловуу. АН дандаа дардан яваагүй. Өмнө нь унаж явсан түүх бий. Залуу үе эрч хүчтэй, чадварлаг ажиллана гэж найдаж байна” гэсэн хариулт өглөө. Хурлын төгсгөлд улсын хэмжээнд зургаахан хувийн санал авсан асуудлыг нь тодруулах гэсэн сэтгүүлчийг улс төрийн нам, нэг хэсэгт үйлчилж асуулт асуулаа хэмээн загнаад гарч одсон юм.