ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг нь ташаа ойлголт

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-11

Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэсэн шийдвэр гаргалаа гэх мэдээлэл сошиал орчинд явсан билээ. Өөрөөр хэлбэл, боловсролын багц хуульд энэ асуудлыг тусгаж өгчээ хэмээн эцэг, эхчүүд эсэргүүцэл зарлаж байсан.

Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл гэдгийг салбарын сайд өнөөдөр болсон цахим шилжилттэй холбоотой хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногт Боловсролын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх ч гэлээ сургуулийн өмнөх нас гэдэгт 2 настай хүүхдийг оруулах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Харин 0-2 насны хүүхдүүдийг ясли болон хүүхэд харах үйлчилгээнд хамруулснаар сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой 3-5 насны хүүхдүүд тэгш хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцоллоо.

Тэрбээр, “Цэцэрлэгт авахгүй гэдэг нь ташаа ойлголт. Цэцэрлэг өөрийн хүчин чадалд тулгуурлаж ясли, хүүхэд харах үйлчилгээг нээж болно. Эцэг эхчүүдийн өмнө сонголт бий болж байна. Эцэг эхчүүд өөрөө хүүхдээ харж болно. Эсвэл ясли болон хүүхэд харах үйлчилгээгээр хүүхдээ харуулж болно. Ер нь 0-2 настай хүүхдийн эрүүл мэндийн асуудал маш чухал учраас эцэг эхчүүдийн оролцоо чухал. Тиймээс хоёр настай хүүхдүүдийн хувьсах зардлыг эцэг эхчүүдэд өгнө. Сар болгон 110-120 мянган төгрөг өгнө. Энэ мөнгийг аваад эцэг, эх хүүхдээ гэртээ харах уу, эсвэл ясли болон хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөх үү гэдгээ шийдэх юм. "Цалинтай ээж" 50 мянга, хүүхдийн 100 мянга, нэмээд хувьсах зардлын 120 мянган төгрөг нэмэгдсэнээр нэг ээж 270-300 мянган төгрөг сардаа улсаас авна гэсэн үг. Тиймээс энэ мөнгийг аваад хүүхдээ өөрөө харах уу эсвэл төлбөр төлөөд хувийн цэцэрлэг, яслид өгөх үү гэдгээ шийднэ” гэв. Шинээр өргөн барих хуульд сургуулийн өмнөх боловсролыг 3-5 настанд эзэмшүүлэхийн тулд хүрэлцээтэй байдлыг хангах, тэр тусмаа таван настнуудыг 100 хувь хамруулах бодлогыг тусгасан гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.