ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлнэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-15

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж, Шадар сайдын мэдээллийг сонсон, гишүүд асуултдаа хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Туваан халдварын тархалт буураагүй болон хүүхдийн мөнгө зэрэг халамжуудыг зогсоох эсэх талаар тодруулсан юм.

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн болон иргэдийн амжиргаа, өрхийн орлогыг дэмжсэн, хүүхдийн халамжууд гээд олон асуудал цааш үргэлжилнэ. Үүнийг зогсоох, цаашид өгөхгүй байх талаар Засгийн газар болон аль ч түвшинд албан ёсоор яриагүй. Эдийн засгийн асуудал хүндрэлтэй байгаа ч Засгийн газар энэ цаг үед орлого ашиг нь буурсан ААН, амжиргаа дордсон иргэдийн амьдрал ахуй руу чиглэсэн бодлогуудаа үргэлжлүүлнэ гэж байгаа. 10 их наядын эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гүйцэтгэл нь боломжийн хэмжээнд буй. Гэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ямар нөхцөлд нөлөөлөхийг тооцох ажлууд Сангийн яаманд хийж байна" гэв.