ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗАСГИЙН ГАЗАР цаг үеэ мэдэрч шийдвэр гаргалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-16

Засгийн газраас өнөөдөр олон нийтийн хүлээж байсан, цаг үеэ мэдэрсэн чухал шийдвэр гаргалаа. Учир нь олон нийтийн дунд цар тахлын хүнд цаг үед наадам хийх ёстой, ёсгүй гэсэн талцал маргаан багагүй явсан. Цахимаар зохион байгуулна, байгуулахгүй гэх зэргээр талцаж, 10 тэрбумаас үүдэн маргаан гараад байсан билээ. Тэгвэл өнөөдөр энэхүү маргаанд цэг тавьж, Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, манай улсад халдварын тархалт болон нас баралт эрс нэмэгдэж байгаа учраас ийм шийдэлд хүрчээ. Цаг үеэ мэдэрч зөв шийдвэр гаргасан Ерөнхий сайд болон Засгийн газарт баярлалаа. Түмэн олонд ээлтэй, иргэдийнхээ эрүүл мэндийг анхаарсан чухал шийдвэр байж чадлаа.

...Эрүүл байвал ирэх жилийн наадмаа бид эндээс ч өргөн дэлгэр тэмдэглэнэ. Монгол Улс цар тахалтай тэмцэж, амаргүй цаг үеийг туулж байгаа нь үнэн. Өдөрт хэдэн арван хүн амиа алдаж байна. Гэвч хүн амын олонхи нь дархлаажуулалтад хамрагдаж чадсан билээ. Харин тэр хэрээр нийгэмд бий болох эрсдэл буурч байна гэсэн үг. Нөгөөтээгүүр, бага насны хүүхдүүд, жирэмсэн болон нярай биетэй хөхүүл ээжүүд зэрэг хүн амын тодорхой хэсгийг бүрдүүлж байгаа хүмүүсийг халдварт өртөхөөс сэргийлж чадах шийдвэр боллоо...

Үндэсний баяр наадмаа цахимаар ч болов тэмдэглэн өнгөрүүлэх нь зөв байх. Төрт ёсны уламжлал, өвчин тахалтай ч зурагтаар үзэх зүйлтэй гэр гэртээ энх тунх наадацгаая. Засгийн газрын өнөөдрийн шийдвэр түмэн олондоо ч, төрт ёсондоо ч хэрэгтэй шийдвэр байж чадлаа. Бидэнд туршлага хангалттай бий.

Тухайлбал, өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын бичлэгийг хийж, баяр наадмын өдөр цахимаар олон нийтэд дамжуулж хүргэсэн туршлага байгаа. Бид дэлгэцээр үзсэн ч гэлээ наадамласан юм шиг цэнгэл эдэлж, Шарка Баркагаар амьсгалж байв.

Ингэж зохион байгуулж чадсанаар нийгэмд гарах халдварын эрсдлийг хэд дахин бууруулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадсан байдаг. Харин энэ удаад Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо цахимаар хийж, халдвар тархах эрсдлээс иргэд ээ, энхрий бяцхан үрсээ хамгаалъя гэсэн Засгийн газрын шийдвэр олон хүний талархал хүлээж, таалалд нийцэв. Хамтдаа хайртай бүхнээ хамгаалцгаая. Иргэнээ сонсож шийдвэр гаргасанд талархаж байна.