ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх энэ сарын 25-нд тангараг өргөнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-17

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө.Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 

Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байх бөгөөд ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ. 

Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индрээс үг хэлнэ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгажээ.