ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахална"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-16

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар  Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар  Авлигын эсрэг комисс байгуулах шийдвэр гарлаа. Энэ удаад Транспэрэнси Интернэшнл байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексээр 100-аас доош оруулах зорилт тавьж байгаа. Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ. Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 

Мөн цар тахлын эсрэг хариу арга хэмжээг УОК-оос танилцуулдаг. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 110 болгон нэмэгдүүллээ. Тухайн боомтуудад байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.

Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Тус боомтод энэ 17-ноос 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсаны үр дүн  гэж харж байгаа. Гэхдээ тайвшрах болоогүй. Дельта вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна” гэсэн юм.