ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн Акита нохой бэлэглэжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Энэ үеэр Ерөнхий сайд Ё.Сүга олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад биечлэн хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд талархаж найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон Акита үүлдрийн нохой бэлэглэжээ.

Гэхдээ энэ удаад халдварын эрсдэлээс сэргийлж Акита үүлдрийн нохойн чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Харин бэлгийн нохойг цар тахал намжих үед илгээхээ уламжилжээ.

Акита үүлдрийн нохой нь Японы Акита муж орчмоос гаралтай бөгөөд эр зориг үнэнч сэтгэлийн бэлгэдэл гэдгээрээ алдартай. Эзнээ 10 жил хүлээсэн домогт Хачико нохой нь Акита үүлдрийнх бөгөөд түүний үнэнч сэтгэлийг алдаршуулж Японы Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөнд Хачико хөшөөг босгожээ.