ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сүхбаатар дүүргийн хороодод тулгамдсан асуудлыг шийдвэрлэв

O.Admin
2021-07-29

Сүхбаатар дүүргийн Засаг даргаас үүрэг болгосны дагуу ажлын хэсэг хороодод ажиллаж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэл, чанарт хяналт тавьж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан ажлын хэсэг 6, 7, 8, 9, 10 дугаар хороонд ажиллалаа.

Ингэхдээ дүүргийн төдийгүй улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад хяналт тавьж, гүйцэтгэл, хугацаанд анхаарах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудаа эрчимжүүлэх, хог цэвэрлэгээ, тээврийн үйлчилгээг тасалдал, доголдолгүй явуулах талаар үүрэг чиглэл өгч тухайн хороонд тулгамдаж буй асуудлуудыг сонсч, шийдвэрлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл солилцож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах олон жил болсон, хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлж буй барилгын суурийн эзнийг олж холбоо тогтоох, цаашлаад Засаг даргад танилцуулан буулгах байршлын жагсаалтад оруулж, захирамж гаргуулах, долдугаар хорооны хувьд иргэдийн салхилах, зугаалах дуртай Сэлбэ голын тохижилтыг сайжруулах төсвийн төслийг маш сайн боловсруулж, шийдвэрлүүлэх зэрэг байна.

Наймдугаар хорооны хувьд тодорхой хэдэн байршилд гэрэлтүүлэг шинээр хийлгэх, хуучныг сэргээн засварлах, дугуйн зогсоолтой болох, есдүгээр хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд барилга ихээр баригдаж байгаа тул тэдгээртэй холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж, холбогдох байгууллагууд руу уламжилж эргэх холбоотой ажиллаж байгаа тухай, аравдугаар хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууддаа хэрхэн хяналт тавин ажиллаж байгаа, хүүхдийн тоглоомын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдлын чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцууллаа.