ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Наранцогт: Д.Сумъяабазар дарга ямар ч баримтгүй мэдээллээр Сангийн яамыг гүтгэлээ

O.Admin
2021-09-08

 

Энэ сарын 6-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар хэлэхдээ “Сангийн яам, тэр дундаа Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг сонгон шалгаруул. Эс бөгөөс АТГ-т өгнө  гэсэн. Ийм худалч хулгайч хүмүүс л өөрчлөлт шинэчлэлд садаа болдог” гэх зэргээр мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл тус мэдээлэлд нэр нь дурдагдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт мэдээлэл хийжээ. Тэрбээр, “Төрийн өндөр дээд албан тушаалтай хүн бусдыг ямар нэгэн баримт нотолгоогүйгээр илтэд гүтгэж, харлуулж байгаад ихэд харамсаж байна. Иймээс үүнтэй холбоотойгоор баримт нотолгоотой мэдэгдэл хийж байна” хэмээлээ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг зохион байгуулж уг тендерт 7 компани оролцсон. Үүнд “Сүлдэрхан минералс” гэх ком компани шалгарахад хуулийн дагуу оролцсон байгууллагуудаас гурав нь эргэн гомдол мэдүүлсэн. Гомдлын дагуу хяналт шалгалт хийж үзэхэд уг сонгогдсон компани нь тавигдсан зургаан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон. Тухайлбал,  ажлын туршлага, өөрийн эзэмшлийн засварын төвтэй байх зэрэг шаардлагуудыг хангаагүй байсан.

Хулийн дагуу тендер зохион байгуулах, шударгаар шалгаруулалт явуулах, гэрээ байгуулах эрх бүгд захиалагч өөрт нь байдаг. Сангийн яам бол зөвхөн гаргасан гомдол хүсэлтийг хянаж шалгадаг ийм л байгууллага. Өнгөрсөн онд тендер шалгаруулахтай холбоотой 22 гомдол хүсэлт ирсэн. Үүний 16 нь хууль зөрчсөн тендер шалгаруулалт явагдсан байсан. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар байдлаар есөн гомдол хүсэлт ирснийг шалгаж үзэхэд бүгд хууль зөрчсөн тендэр шалгаруулалт зохион байгуулсан байсан. Иймээс нийслэл өөрөө, захиалагч өөрөө тендерээ хуулийн дагуу явуулж тулгамдсан асуудлуудаа шийдэх шаардлагатай байна. Хэрвээ Сангийн яамыг ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол нийслэл үүнийг хуулийн дагуу шалгаж болно. Ямар ч баримт нотолгоогүй гүтгэж байгаад харамсалтай байна” хэмээсэн юм. 

Т.Бямбажаргал