ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Сандагсүрэн: Хотын захиргааны хоёр байр нь ашиглалтад орсон байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-08

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх тогтоол баталсан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үүднээс Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн албыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор нүүлгэн шилжүүлэхээр тогтоолд тусгасан аж.

Мөн нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нүүлгэн шилжүүлэх зардлыг шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болгожээ. Хотын нийгмийн хөгжил хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн энэ талаар ярихдаа “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд НЗДТГ-ын зүгээс манлайлал үзүүлж байна. Цаашдаа хотын төвийг тойрсон гурван дэд төвүүд рүү зарим яам, тамгын газрыг нүүлгэх асуудлыг хэлэлцэнэ.

Үүний эхлэл болгож арванхоёрдугаар сарын 31-ны дотор нүүхээр шийдлээ. Үе шаттай бэлтгэл ажлаа хангаад Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Яармагийн төлөвлөлт муу болсон талаар ярьдаг. Гэхдээ бид түгжрэлд нэмэр болохгүйгээр ажлаа зохицуулна. Цагийн хуваарь гэх мэтээр зохицуулалт хийнэ” гэлээ. Хотын захиргааны шинэ байр нь гурван хэсгээс бүрдсэн бөгөөд эхний нэг байр бүрэн ашиглалтад орсон, хоёр дахь байр нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тиймээс Хотын захиргаа нэн тэргүүнд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг ажилтан албан хаагчидтай үйлчилгээний байгууллагуудаа нүүлгэн шилжүүлнэ гэдгийг хэлж байсан юм .

Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах стратеги танилцуулахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд даалгажээ.