ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Намайг Ерөнхий сайд болно гэх ор үндэсгүй мэдээг улс төрийн зорилгоор тарааж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах улс төр сүүлийн өдрүүдэд ихээхэн идэвхжих болсон. Улмаар, нэр бүхий мэдээллийн сайтууд ч нэгдсэн зохион байгуулалтаар Ерөнхий сайд руу чиглэсэн улс төрийн акц өрнүүлж, дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн санал асуулгыг ч хүртэл явуулж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд дараагийн Ерөнхий сайд бол БШУ-ы сайд Л.Энх-Амгалан юм гэсэн мэдээлэл ч тархаж эхэлжээ. Тэгвэл энэ асуудалд Л.Энх-Амгалан сайд албан ёсоор хариу өгсөн байна. 

Л.Энх-Амгалан сайд бичихдээ "Сүүлийн өдрүүдэд цахим орчинд намайг Ерөнхий сайд болно гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээ тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааг улс төрийн зорилгоор хийж, олон нийтийн сүлжээгээр тарааж буйд харамсаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын кабинет бол нэг хүний биш багийн төлөвлөгөө, багийн үйл ажиллагаа, багийн хэрэгжилт байдаг. Засгийн газрын алдаа, оноо, үүрэг хариуцлага бүхэн Засгийн газрын гишүүд бидний хамтдаа үүрэх үүрэг хариуцлага гэдгийг маш сайн ойлгож байна.

Миний хувьд Боловсрол, шинжлэх ухааны салбарт эхлүүлсэн реформоо тууштай үргэлжлүүлэхийг зорьсон нь зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн байж болох юм. Надад хариуцсан салбартаа хийх ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл маш их байна.

Бид 30 жил хангалттай улс төржлөө. Одоо бол сандал ширээний төлөөх өчүүхэн тэмцлээ хойш тавих цаг. Цар тахал, бензин шатахуун зэрэг цаг зуурын сорилт бэрхшээлийг бид улс төржилтөөр бус, харин эв нэгдэл, хамтын зүтгэлээр даван туулах болно. Та бүхнийгээ хүндэтгэсэн, Л.Энх-Амгалан" хэмээжээ.