ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Саид Моллаеи тэргүүтэй тамирчид Засгийн газраас байр, мөнгөн шагналаа гардаж авлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токиогийн олимпт амжилт гаргасан баг тамирчид, дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Тодруулбал,

-Монгол Улсын нэрээр жүдогийн татамид гарч, Олимпын мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеид хоёр өрөө байр, 60 сая төгрөг

-Паралимпын  “Хүндийн өргөлтийн төрөл”-д оролцон “Алтан” медаль хүртсэн Э.Содномпэлжээд 120 сая төгрөг, гурван өрөө байр, дасгалжуулагч багш Д.Баттулгад 60 сая төгрөг

-Токиогийн олимпоос шавь нараа нэг мөнгө, хоёр хүрэл медаль авхуулсан, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая төгрөг

-М.Бундмаад 15 сая төгрөг

-Токиогийн олимпт анх удаа 3х3 сагсанбөмбөгийн төрлөөр өрсөлдсөн эмэгтэй баг тамирчдад 30 сая төгрөг

-Жүдо бөхийн тамирчин, Олимпын хүрэл медальт тамирчин М.Уранцэцэгт 30 сая төгрөг, хоёр өрөө байр

-Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатарт 30 сая төгрөг, хоёр өрөө байр

-Сонирхогчдын боксын төрөлд шагналт тавдугаар байрт шалгарсан Э.Цэндбаатарт 30 сая төгрөгийн шагнал олгохоор захирамж гаргаснаа танилцуулж, тус бүрт батламжийг нь гардуулж өглөө.

Үүнээс гадна Токиогийн олимпод шүүгчээр ажилласан шүүгчид болон баг тамирчдын хувцсыг урласан “Мишел Амазонка” компанийн хамт олныг шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Амаргүй сорилтын дундаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, алтан соёмбот төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан та бүхнээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархаж байгаагаа илэрхийлье. Гуравхан жилийн дараа Парис хотноо эхлэх зуны олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо байгуулагдаад байна. Үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай бүх асуудлыг анхаарлын төвд байлгаж, Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллах болно гэдгээ мөн илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний шигшээ багийн орчин нөхцөл, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч, “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг та бүхэнд дуулгая. “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол төрийн дууллыг олон удаа эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олон удаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм.