ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: 2022 оны Төсвийн төсөлд тусгасан онцлох найман шинэчлэл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-30

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас 2022 оны Улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, өнөөдөр морин цагт УИХ-д өргөн барихаар тогтжээ. Тэгвэл энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан яаман дээрээ сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийж байна. Ирэх оны төсвийн төсөл нь хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн тогтворгүй байдлыг тогтворжуулах, дунд урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг баттай бий болгох асуудлыг тусгажээ. 
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Ирэх онд бид хөгжлийн төсөв хийж байна. Маш олон том сорилтууд байна. Дэлхий нийтээрээ цар тахлын хүнд эдийн засгийг туулж байна. Харин ирэх жилүүдэд тэлэлттэй, өсөлттэй жилүүдийг бид хүлээж байгаа. Бид ч үүнд бэлэн байж, төсвийн шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой гэж харж байгаа юм. Энэ хүрээнд найман чиглэлээр буюу “Хөдөлмөр-бүтээмж-өсөлт” гэсэн уриатай төсвийг шинэчилнэ” гэлээ. 
Ирэх оны төсөвт тусгасан найман чиглэлийг тоймловол:  
-Хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээх. 
-Үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компанид бүтцийн шинэчлэлт хийх
-Ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлалтай, баялагтаа эзэн Монголыг бий болгох 
-Халамжаас хөдөлмөрт шилжих 
-Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоо руу шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчлэх 
-Төсвийн үр ашгийг сайжруулах буюу хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилах.
-Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу бүтцийн өөрчлөлтийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, үрэлгэн хөрөнгө оруулалтаас үр дүнтэй хөрөнгө оруулалт руу шилжих 
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэсэн найман шинэчлэлийг багтаажээ. 
Эдийн засгийн өсөлт өнөөдрийн байдлаар 5 хувьтай, экспорт 8.7, импорт 7.2 их наяд байгаа аж. Энэ жилийн тухайд зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөлттэй байсан ч нүүрсний экспорт санасан хэмжээнд хүрч чадаагүй буюу 20 сая тонныг гаргаж чадах уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирсэн гэдгийг Сангийн сайд онцлов. Харин 2022 онд өсөлттэй байдлыг ашиглаж, хамгийн дээд хэмжээгээр экспортод гаргах зорилго тавьжээ. Өөрөөр хэлбэл, 2019 оны хамгийн өндөр өсөлттэй үе шиг 36 сая тонныг гаргах зорилго тавьсан гэлээ. Ирэх оны тэнцвэржүүлсэн орлого 15.6 их наяд, нийт зардал 18 их наяд буюу зөрүү нь 2.3 их наяд. Энэ нь ДНБ-ий төсвийн тусгай шаардлагад заасны дагуу 5.1 хувьдаа барьжээ. 
Ирэх оны Төсвийн төсөлд халамжаас хуримтлал руу гэх бодлогыг тусгаж, хүүхдийн мөнгийг үе шаттай хуримтлал руу шилжүүлэх бодлого барьсан аж. Өөрөөр хэлбэл, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 01 хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг сонголттой буюу хадгаламж уу, хэрэглээнд үү гэдгийг эцэг, эхийн саналаар шийдэх юм байна. Харин ирэх оны долдугаар сарын 01-нээс 50 мянган төгрөгийг хадгаламжид, үлдсэн 50 мянгыг гар дээрээ авч болох байдлаар зохицуулалт хийнэ гэлээ. Ирэх онд тэтгэвэр нэмэхгүй, халамжийн төрөл зүйлийн давхардлыг арилгах, эрчим хүч, зам тээвэр зэрэг их бүтээн байгуулалт өрнүүлэх салбарын сайд нарын төсвийг нэмэх, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэл дээр суурилсан санхүүжилтийг нэмж олгох зэргээр шинэчлэл хийгдэж байгаа юм байна.