ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулгын Д.Трампад хаягласан захидал биеллээ оллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичсэн байдаг. Тэрбээр захидалдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг олгоно уу. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой” гэдгийг дурдсан байсан юм.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн захидлын хариуд Д.Трамп “Хоёр орны эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Худалдаа хөрөнгө оруулалтаа шударга харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхдээ таатай байх болно” гэдгээ онцолж  байв.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хаягласан захидал ажил хэрэг болох эхний алхам хийгджээ. Тодруулбал, АНУ-ын Конгрессын гишүүн Д.Тайтус Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл өргөн барьж буйгаа зарласан байна.