ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг АН-аас хөөжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-18

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийж, нэр бүхий УИХ-ын гишүүн намын дүрмийн эсрэг ажилласан учраас сахилгын шийтгэл оногдуулж, намын бүлгээс хасаж байна гэлээ. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүнээс Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хассанаар цаашдаа бүлэг найман гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон гэв.

Д.Ганбат хэлэхдээ “С.Эрдэний толгойлдог нам бол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нам. Тэр нам л Үндсэн дүрэмдээ юу гэж заасныг бид дагаж мөрдөж ажиллана. Намаас эдгээр нэр бүхий гишүүдэд сахилгын шийтгэл ногдуулах албан бичгийг надад болон УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Энэ дагуу бид эдгээр гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар намаас болон бүлгээс хөөж байна. Хасагдсан тушаал шийдвэрийг би дагаж мөрдөж ажиллана. Хуулиараа Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар ч манай намын бүлэгт байх ёсгүй юм билээ” гэлээ.

Мөн өвлийн хүйтэнд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг Ардын нам хүчээр цагдан хорьж байна гэв. Ингэхдээ С.Эрдэнэ даргынхаа хүү буюу Э.Одбаярыг эргэж очсон жишээгээ ярьж, өлсгөлөн зарласан иргэнтэй уулзахад маш их хүндрэлтэй болсон байна гэсэн юм. Нөхөн сонгуулийн талаар ярихдаа “Монгол Улсын сонгууль 50-иас дээш хувьтай байж сонгууль хүчинтэй болдог.

Гэтэл Хэнтийн нөхөн сонгуулиар 45 хувьтай, СХД-т мөн нэмэлт санал хураалт явуулсан ч 48.5 хувьтай байлаа. Хоёр сонгууль хоёулаа 50 хувьд хүрээгүй ч нэр дэвшигч нарыг бүртгэчихлээ. Тэгэхээр энэ улсад хууль гэж байхгүй юм байна. Халдвар тархаж байхад гадаа талбайд хэдэн мянгаар нь хүн цуглуулчихсан. Өчигдөр “Зайсан хилл”-д мөн “Камертон” хамтлаг мөн тоглолт хийлээ. Энэ ковидын хуулиа зөрчсөн асуудал” гэлээ.