ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Отгонтөгс: Би С.Жавхлан, Б.Жавхлан хоёроор панчан хийсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-20

Засгийн газрыг огцруулахаар төв талбайд суулт зарлаад буй МУГЖ С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлантай уулзаж “Хамаг Монгол” төслөө санхүүжүүлэх дэмжлэг хүсэж, улмаар өгөхгүй гэхэд нь уурлаж энэ бүх жагсаал цуглааныг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд өгсөн тодруулгадаа “Төслийнхөө талаар надтай уулзсан нь үнэн. Бидэнд ямар мөнгө байх билээ. Байхгүй гэж хэлээд гаргасны дараа энэ бүхэн өрнөж байгаад гайхаж байна” гэсэн юм.

Тэгвэл өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас Сангийн сайд Б.Жавхланг дуудаж энэ талаар мэдүүлэг авсан аж. Үүнээс гадна энэ тухай мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн Б.Отгонтөгс гэх залууг ч мөн дуудаж байцаасан бөгөөд МУГЖ С.Жавхланд бусдыг шантаажилж, их хэмжээний мөнгө нэхсэн хэргээр хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Тэгвэл яг одоо Төв талбайд С.Жавхлангийн энэхүү баримтыг дэлгэсэн Б.Отгонтөгс гэх залуу иржээ. Тэрбээр, “Би өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлангийн дүү болчихсон явж байна. Би гэтэл зүгээр л та хоёрын баримтаар “панчан” /солонгос хоолны хачир/ хийж, олон нийтийн анхааралд орох гэсэн юм. Гэтэл намайг баримт задруулсан хэргээр цагдан хорих гэж байна.

Та төрийг огцруулах бус авлигачдыг тэжээж байгаа хуулиа өөрчилье гэж жагссан бол би ирэх байсан. Би таныг дэмжих байлаа. Гэтэл та нэг хүнийг огцруулъя гэж жагсаад явж байна. Би тамирчин байсан хүн. Бас эрхзүйчээр сурдаг. Хууль нь болохгүй байна аа. Энэ тухай зөндөө хэлсэн ч хэн ч намайг тоогоогүй. Тиймээс  та хоёрын асуудлаар хачир хийгээд олон нийтэд хандахад бүүм болж байгаа байхгүй юу. Би Б.Жавхлан сайдтай ямар ч хамаагүй. Таних ч үгүй ээ. 

Зүгээр л олон нийтийн анхааралд өөрийгөө оруулах гэсэн юм. Ард түмний нэр барьж жагсаж байгаа бол үнэн зүйлийн төлөө жагс. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрчиллөө гээд авлига буурах уу. С.Жавхлан тэр албан тушаалд очих юм уу. Ийм юм байхгүй ээ” гэв. Гэхдээ С.Жавхлан гавьяат Сангийн сайдаас дөрвөн тэрбумыг нэхсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Учир нь уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа юм.