ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Асуудлыг шалгаж дуустал Туркийн онгоцыг нисгэхгүй байх чиглэл өглөө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-27

Өнөөдөр өглөө Турк Монголын хамтарсан сургуулийн захирал, манай улсад 24 жил багшилж буй Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних этгээдүүд тусгай ажиллагаа явуулан хулгайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор түүнийг эх орон руу нь авч явах зорилготой байж болзошгүй Туркийн  тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Туркээс ирсэн тусгай үүргийн онгоцны асуудлыг шалгаж дуустал онгоцыг нисгэхгүй байх чиглэл өгчээ. Мөн Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ хүрээнд дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ахмет Язалтай утсаар ярьсан аж.

Энэ үеэр Элчин сайд Турк Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ мэдэгдсэн байна.