ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Ганинбал: УИХ-ын даргыг Цэцэд, УБЕГ, СЕХ-ны дарга нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-18

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулж буй талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганинбал, Н.Алтанхуяг, Б.Бейсен, С.Ганбаатар нарын гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатар болон СЕХ, УБЕГ-ын дарга удирдлагуудыг шалгуулахаар нэгджээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээллийн эхэнд ярихдаа “Өнөөдөр намрын чуулган хаалтаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд АН-ын бүлэг дотоод зохион байгуулалтаа өөрчлөх хүсэлтээ УИХ-ын дарга болоод холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад тавьсаар ирсэн. Гэвч шийдвэр гарсангүй. УИХ-ын даргыг хуулиа биелүүлэхийг шаардсан ч хуулиа биелүүлсэнгүй. Тиймээс хуулиа зөрчиж буй УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгч байна.

Зөвлөлдөх ардчилал зэрэг олон зүйл ярьж буй хүний хувьд ардчиллын үнэт зүйлийг дээдэлж, хамгаалж, бодит шийдвэр гаргах төрийн түшээ гэж хүндэтгэж бид хуулиа мөрдөхийг сануулсан. Гэвч эс үйлдлээрээ хааж боож, эс үйлдлээрээ олон зүйлийг үгүйсгэж байгаа юм. Нөгөөтээгүүр, АН-ын тамганы маргаантай холбоотойгоор төрийн байгууллагын олон шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж төрийн зарим албан хаагч нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэв.

Харин УИХ-ын Н.Ганибал “АН-ын тамганы маргааныг эхлүүлсэн төрийн албан хаагч нарыг өмнө нь хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байсан. Харамсалтай нь энэ асуудлыг шалгаагүй. Тиймээс энэ удаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Хэлтсийн дарга н.Ганзориг, хяналтын байцаагч н.Цээмаа, н.Чинтулга нарын дөрвөн хүнийг бид АТГ-т шалгуулахаар өгч байна. Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Амардэлгэр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нарыг мөн шалгуулна. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан учраас АТГ үүнийг зайлшгүй шалгах ёстой. УИХ-ын гишүүд цаашид хяналтаа тавьж ажиллана” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль зэргийг зөрчиж УИХ дахь АН-ын бүлгийн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан АН-ын бүлгийн олонхийн шийдвэрийг намын дотоод маргаан мэтээр тайлбарласан учраас хуулиа биелүүлэхийг шаардан Цэцэд өгсөн гэлээ.

АН-ын тамганы маргааны талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийхдээ “Шударгаар өрсөлдөөн явдаг бол АН өнөөдөр улс төрийн тэргүүн нам л даа. Монголын нийгэмд шударга бус зүйл дэндсэн. 1990 оноос хойш бий болсон олон намын тогтолцоог устгаж, Назарбаевын хойноос явах, Назарбаевын намыг бий болгох эхлэл тавигдлаа. МАН-ынхан Солонгосын пиар компанийг сонгуульдаа ашигласан гэдгийг би өмнө нь мэдэгдэж байсан шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж авах вэ, бид улс төрд цаашдаа яах вэ гэдгээ гадаадынхнаас зөвлөгөө авч хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байх зэрэг гурван асуудлаар зөвлөгөө авсан байдаг. Энэ бол тоглоом биш шүү. Эрх баригчид буруу тоглож байна. АН-ын асуудал гэж байхгүй. АН-ыг хоёр хуваасан мэт, тамганы хэрүүл болсон мэт харуулах нь бичигдсэн зохиол шүү дээ. Хуучин Ц.Элбэгдорж зохиол бичдэг байлаа” хэмээсэн юм.