ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Ганбаатар үнэнээ л ярилаа, өөр юу хүсэх вэ

O.Admin
2022-01-20

“Ухнаагийн Хүрэлсүх утааг ялж, улс орноо ковидоо хамгаалж чадсан баатар юм” гэсэн МАН-ын сонгуулийн пиар хоёр жилийн дараа намжиж, тэнгэрт явсан бид газартаа бууж ирэв ээ. Нийслэлээ утаагүй болгочихлоо, нэмээд бас коронатай дайтчихлаа гэсэн хөөсөн пиарын хагархай дээр шидэгдсэн хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тиймдээ ч “Ерөнхий сайд болох цаг хугацаагаа сонго гэсэн бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй” хэмээн аргаа барж суух билээ.

Ардчилсан нийгмийн 30 жилийн толгойн өвчин, төлөвлөлтгүй хотын “хорт хавдар” болсон утааны тухай бид ийнхүү хоёр жилийн дараа дахин ярьж, дахин бичих болов. Нөгөө 50 хувиар бууруулсан утаа яагаад эргээд ирснийг, “Тавантолгой түлш” компани нь хоёрын хоёр үйлдвэр барьчихсан, түүхий нүүрсээ хориглочхоод байхад яагаад нэмэгдсэн бэ гэдэгт бид өнгөрсөн хоёр сарын хугацаанд буруутан хайж, дрон унаж “давхисан” сайдыгаа,  Дэд сайд, ТНБД-тай нь огцруулж санаа амрав. Гэвч өнөөдөр, маргааш л салхитай цэлмэг байгаагаас биш нөгөөдөр ч дахиад л утаа гарах учраас хэн нэгнийг нэмээд огцруулахгүй бол болохгүй юм шиг аашилцгааж байна, бид.

Харамсалтай нь мянган Уртнасанг огцруулж, зуун Бат-Эрдэнийг томилж, арван Ганбаатарыг ажлаас нь чөлөөлж явуулаад ч нөгөөдөр өглөө утаа хэвээрээ байх нь туйлын үнэн билээ. Эндээс илүү үнэн зүйл гэж энэ хотод лавтай ойрын хоёр сард олдохгүй байх шүү. Тэгэхээр асуудлын гол нь Уртаагаа  Батаагаар сольж, Ганбааг “Улаан бал”-д оруулж улайлгах бус утаанаас бүрмөсөн салахын тулд юуг өөрчлөх вэ гэдэг л байгаа юм. Хотын утааны гуравдагч буруутнаар цоллуулж буй “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Улаан бал”-д оржээ. Хүн бүхэн л түүнийг өөрийгөө өмгөөлж хамгааллаа, У.Хүрэлсүхтэйгээ нийлээд хаан болчихлоо, гэр хорооллыг өөрчлөх сонирхолгүй юм байна, магтаж, хамгаалсаар гарч одлоо хэмээн буруутгав.

Тиймээс хэрэг болгож нэвтрүүлгийг нь зорьж үзэв. Харамсалтай нь тэнд нэг ч худал зүйл алга. Стандартаа алдсан уу, алдсан гэдгээ хэлчихлээ, хямд үнэтэй түлшээр иргэдээ хангах буюу тоонд хэт анхаарч чанарыг орхигдуулснаа ч хүлээн зөвшөөрөв.

Гэр хорооллыг нэг л өглөө босож ирээд тэр чигээр нь орон сууцжуулж, эсвэл Солонгос зэрэг улс орнууд шиг газ, хийгээр гэрийг нь халааж, дэд бүтцийн бүх шугамыг нэгэн зэрэг татаж чадахгүйгээс хойш цаашдаа технологийн шинэчлэлдээ илүү анхаарч, утаа гаргахгүй түлш үйлдвэрлэдэг болохын төлөө зорьж буйгаа ч дуулгасан байна билээ. Энэ бол яаж ч баллуурдаад, эсвэл зориудаар мушгиад ч арилгаж чадахгүй үнэн. Бид дөнгөж хоёрхон жилийн өмнө түүхий нүүрсээ халлаа. Дэлхийн улс орнуудын алслагдсан тосгон, жижиг хотод хэрэглэж байгаа сайжруулсан түлшийг адилхан л хэрэглэж байна. Шинэчилж өөрчлөх нь өөрөө цаг хугацааны асуудал. Задгай гал, нүүдэлчин ахуйн соёлтой улс оронд газын хэрэглээг нэвтрүүлтлээ дахиад ч олон жил явна. Өмнөх хүнээ харахгүй мөргөх шахам байсан утаа буурсан уу, буурсан.

Энэ жилийн тухайд технологийн горим алдагдсан учраас цаашдаа үүнд анхаарна гэдгээ хэлэв. Гэхдээ нойтон биш, бид өмнөх шигээ л гаргасан гэж байгаа учраас стандартын горим гэдэг нь чухам юу юм гэдгийг тэр ч ярьсангүй, сэтгүүлч ч ухсангүй. Картны тоо, яндангийн тоогоо өнөө жил дахин тулгахад гэр хорооллын яндангийн тоо 190 мянгаар нэмэгдсэн гэдгийг ч хэлжээ. Сайжруулсан түлш нь түүхий нүүрсийг бодвол холын тээвэрт бутрах магадлалтай. Тиймдээ ч нийслэлд ойрхон барих тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээс болж хотын төвд ойрхон барьсан алдаагаа дахин давтахгүйн тулд Зүүн бүсийн үйлдвэрийг хотоос гаргасан, хотын төвд байгаа үйлдвэрт битүү дээвэр хийснээ ярьжээ.

Энд М.Ганбаатар зөвхөн өөрийнхөө эрхэлж байгаа ажлыг л ярилаа. Засгийн газар түүнд гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаарай гэдэг ажлыг л оноосон. Тэрийгээ чанартай, эсвэл хангалттай хийж чадахгүй бол тэр ажлаа өгөх ёстой. Тэр үүрэгт ажлаа л хийж байгаа хүн. Харин гэр хороолол хэдэн жилийн дараа алга болох юм, хэн тэнд барилга барих юм, хийн газаар гэр хорооллыг хангаж, дэд бүтцийг хэрхэн шийдэх, картны хэрэглээнээс нэмэгдсэн яндангийн тоог хэрхэн бууруулах вэ гэдэг нь өнөөдрийн байдлаар М.Ганбаатарын эрхэлсэн чиг үүрэгт байхгүй учраас бид бүхэн энэ ярилцлагаас, тэр хүнээс ийм зүйл хүлээх нь утгагүй билээ. Тэр үнэнээ ярилаа, өөр юу хүсэх юм.

М.Ганбаатар өглөө гарч давхиад л гэр хорооллыг байхгүй болгоно гэж байхгүй. Яндан битгий нэмээд бай гэж хашгирах эрх ч байхгүй. Яндан нэмэгдчихвэл тэр янданг утаагүй түлштэй байлгах нь харин тэр хүний ажил. Товчхондоо л ийм.

Харин гэр хорооллыг барилгажуулах, хямд үнэтэй орон сууцаар хангах, Хотын дарга асан Э.Бат-Үүлийн олон жил ярьсан, хашгирсан гэр хорооллын иргэдийг эзэмшил газар дээрээ хямд үнэтэй орон сууцтай, халуун хүйтэн устай амьдрах тэр ажлыг л “жорлон”-гоос өөр зүйл ярихгүй яваа Барилгын сайд Б.Мөнхбаатар ба Засгийн газрын тэргүүн л бодлогоор шийдэх ёстой билээ. Нийслэлийн Засаг дарга ч чиг үүргийнхээ хүрээнд газар, дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой юм.

Харамсалтай нь Ерөнхий сайдыг ажлаа авсныхаа дараа ярьсан “Залуус-1, 2” орон сууцны төсөл, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хийгдэх “Солонго-1, 2” төсөл бүгд ТОСК дээр ирээд гацчихлаа. Хөрөнгө санхүүг нь барилгын яам нь гацааж, дэд бүтцийг нь харин нийслэл шийдэж өгсөнгүй гацаажээ. Харин ТОСК-ийн дарга нь өнөөдөр хийх ажилгүй, хэзээ яам нь шийдэж төслөө эхлүүлэх үүрэг өгөхийг хүлээн өрөөндөө ярих зүйлгүй суусаар л. Хавар болж байхад ид яригдах ёстой барилга, бүтээн байгуулалт таг чиг, нам гүм.

Гэр хорооллыг орон сууцжуулах, яндангаас салах алс хэтийн зорилгоо биш шахмал түлш чийгтэй юм уу, хатсан юм уу хэмээн буталж, гишгэж, шахмал түлшний шуудай тоолж, картны хэрүүл хийж явна гэдэг үнэндээ л гутамшигтай. Энэ бол бидний өнөөдөр тэмцэх асуудал огтоос биш. Харин гэр хорооллын газраа үнэтэй болгох, орон сууцжуулах төрийн том бодлогын төлөө тэмцэх ёстой шүү. Хэрвээ үүнийг хийж, зоригтой өөрчилж, орон сууцжуулах бодлогоо шинэ сэргэлтийнхээ нэн тэргүүний бодлого болгохгүй л юм бол шахмал түлшний хуурай, чийгтэйг хагалж үздэг хошин шог М.Ганбаатарыг ажлаа өгч, тэтгэвэрт гарсан ч байсаар л байх нь үнэн билээ.