ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд шаардагдах санхүүжилтийг төсвийн тодотголд тусгана

O.Admin
2022-04-17

Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна. Нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүсчээ. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг БШУЯ санал болгож буйгаа танилцууллаа. Үүнд:
 
-       Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
-       Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
-       Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
-       Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
-       Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
-       Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
-       Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах
-       Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
-       Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
-       Хоёр настай хүүхэд бүрт хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй гээд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг үүрэг болголоо. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдал арилсан байх ёстой гэлээ.