ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН нөхөн сонгуульд оролцоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-06

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байгаа билээ. Хурлын дундуур тус намын ЕНБД Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МАН-ын ээлжит Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хуралд 200 гишүүн оролцож байгаа бөгөөд ирц 53 хувьтай байгаа. Бага хурлаараа бид хоёр асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг шийднэ. Хоёрдугаарт, нэр дэвшүүлэх журмыг шинээр батална.

Сая намын дарга нэр дэвших эсэх асуудлыг танилцуулсан. Улмаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргалаа. Нэр дэвшигчийг тодруулах Бага хурал есдүгээр сард болох байх. 

42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохоор болсон цагаас эхлээд бид судалгаа хийж байна. Манай намаас энэ сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр гарсан. Гэхдээ есдүгээр сарын 4-нд хэнийг нэр дэвшүүлэхээр бид шийднэ. Түүнээс өмнө тодорхой судалгаа хийж, нэр дэвшиж ялалт байгуулах боломжтой хүнийг дэвшүүлнэ гэж төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.