ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Туваан: Есдүгээр сарын 4 гэхэд манай намаас өрсөлдөх нэр дэвшигчийн нэр тодорно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-06

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд болж байгаа билээ. Хуралдааны дундуур АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Энэ удаагийн хурлаар бид 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тэр дундаа 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам гаргах асуудлыг түлхүү хэлэлцэнэ. Нэр дэвшигчээ намууд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд тодруулах ёстой. Манай нам тэр журмын дагуу л нэр дэвшигчээ тодруулна.

Би СЕХ-ны зөвлөмжийн дагуу цаг хугацаатай асуудлуудаа шийдэж, хурлаа хийж байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 8-ны өдрөөс өмнө нам эвслүүд нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, намынхаа эрх барих дээд байгууллагаар хэлэлцүүлсэн журмыг өгөх учиртай юм.  Манай намын хувьд нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн” хэмээн ярилаа.