ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МУБИС-ийн оюутнуудад D-Parliament цахим системийг танилцуулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-16

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МУБИС-ийн оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.

Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. 

Өнөө цагийн технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгосон юм. Түүнчлэн энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн цахим засаглалын багц хуулиудын хүрээнд иргэдээс ирүүлэх өргөдөл, гомдол, бичиг баримт зэргийг илүү хялбар, үр дүнтэй шийдвэрлэж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хүртээмжтэй хүргэхэд  эдгээр ажлууд чиглэж байгаа гэв.

Уулзалтын үеэр МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутнуудын зүгээс боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг тусгах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зэрэг зохицуулалтууд хэрэгтэй байгаа гэдгийг уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл хэлж байлаа.

Цахим платформын хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид олон нийтийн саналд тулгуурлан илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа юм. Өнөөдрийн уулзалтын дараа D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд яг одоо хэлэлцэж байгаа зарим хуулийн төслүүдэд саналаа өгч, хэрэглээг туршин, УИХ-ын даргад сонирхсон асуултуудаа тавьсан юм. Цаашид D-Parliament цахим системийн хэрэглээг улам бүр өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ мэтчилэн цувралаар танилцуулах юм байна.